Солонгос маягийн “дулаарал” уу?
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Пхеньянд гурван өдрийн айлчлал хийсэн билээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны хамт тэрээр хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, хэд хэдэн чухал алхам хийхээр тохиролцжээ. Энэ хэлэлцээг өнгөрсөн зун хийсэн америк-умард солонгосын дээд хэмжээний уулзалтын адил Умард Солонгост улс төрийн “дулаарал” болж байгаагийн гэрч нотолгоо хэмээн үзэж болох уу? Пхеньянд хоёр Солонгосын удирдагчдын гарын үсэг зурсан баримт бичгүүд бүрнээ хувьсгалт шинжтэй харагдаж байгаа юм. Жишээлвэл, энэ он дуусахаас наана хойгийн төмөр замыг нэгдсэн сүлжээнд холбож, түүнчилэн БНАСАУ-ын амьдралын тухай нэвтрүүлэх (мэдээжээр, сайн талаас нь харуулах) телевизийн тусгай сувгийг Өмнөд Солонгост ажиллуулахаар төлөвлөжээ. Умард Солонгосын Тончхан муж дахь туршилтын талбайг буулгаж дуусах бөгөөд АНУ-ыг “зургаадугаар сарын 12-ны тунхаглалын дагуу зохих алхам хийх” нөхцөлд Йонбёны баяжуулах үйлдвэрийг ч мөн хаана. Цэргийн түгшүүртэй байдлыг бууруулж, “санамсаргүй байдлаар будлиан үүсэхээс сэргийлэх тухай” хэлэлцээрийн биелэлтийг хянах цэргийн хамтарсан хороо байгуулахаар хоёр тал тохирчээ. Дайны үеэр хоёр хэсэгт хуваагдсан гэр бүлийнхнийг уулзуулах байнгын байрыг Кымган уулын хавьд сэргээн ажиллуулж, соёлын солилцоог эрчимжүүлнэ. Мөн хойгийн хүрээлэн байгаа орчныг хамгаалахын төлөө хамтран тэмцэхээр шийдвэрлэсэн байна. Умард, Өмнөд хоёр 2020 оны Токиогийн олимпийн наадамд хамтарсан баг илгээж, 2032 оны олимпийн наадмыг хоёр Солонгосын нутагт явуулахын төлөө ажиллана. Үүнээс гадна, Ким Чен Ун бүр энэ он дуусахаас наана Сөүлд айлчлахаар амласан байна.
Бүр саяхан болтол Умардын зүгээс ийм энх тайванч санал санаачлага гаргах юм чинээ санах аргагүй байсан билээ. Мөн Ким Чен Ун Америкийн ерөнхийлөгчтэй уулзах юм хэмээн ердөө нэг жилийн өмнө төсөөлөхөд ч хэцүү байлаа. Гэвч зургаадугаар сарын 12-нд дээд хэмжээний уулзалт болж, үүнийг хоёр тал тун амжилттай боллоо хэмээн тодорхойлсон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ