Японд хар салхинд осолдсон машинууд яг одоо зарагдаж байна
Японд сүүлийн 25 жилд буюу 1993 оноос хойш тохиогоогүй маш хүчтэй хар салхи болж японы ард түмэн багагүй хохирол амссан нь харамсалтай. Салхины хурд цагт 162 км хүрч байхад хүн битгий хэл машин тэргийг хүртэл хамж аваад атгасан лааз шиг болгож орхидог аюулт далайн шуургыг японы ард түмэн сөрөн зогсож чадсан.
Гэвч чоно борооноор гэгчээр энэхүү байгалийн гамшигт үзэгдэлд өртөж эвдэрч хэмхэрсэн машинуудаар бизнес хийгчид байгаа тухай мэдээлэл байна. Өчигдөрхөн л гэхэд Японоос дуудлага худалдаагаар дамжин манай улсад орж ирсэн эвдрэл гэмтэлтэй олон тооны машин байгаа тухай хил дээрх гаалийн агуулахын бичлэг олон нийтэд ил болж багагүй сэтгэл эмзэглүүллээ. Аргагүй ч биз дээ. Замаск, будаг орсон машин авсан зарим хэрэглэгчид машинаа хардаж эргэлзэж сэтгэл хоёрдсон нь мэдээж. Эдгээр эвдрэл гэмтэлтэй автомашинуудыг худалдан авагч нь хувь хүмүүс буюу ченжүүд байдаг гэдгийг Монголчууд мэднэ.
Тэд Японд мөргөлдсөн, живсэн автомашинуудыг дуудлага худалдаанаас хямд үнээр авдаг бөгөөд Монголд ирээд, вьетнам кузов засварт оруулж, гадна талаасаа өнгө үзэмж сайтай болгож, шаардлагаатай эд ангийг нь сольж, “эвдрэлгүй машин” хэмээн худалдаалдаг байна. Иргэдийн аюулгүй байдал талаас нь авч үзэхгүй бол болохгүй болсон энэ асуудлын талаар бид Японоос автомашин импортлогч компанийн борлуулалтын менежерээс тодруулахад:
-Иргэдийн ,үйлчлүүлэгчдийн,цаашилвал Монголчуудынхаа төлөө гэж бодоод л хэдэн үг хэлье. Манай компани, миний нэрийг гаргаад хэрэггүй. Учир нь биднээс машин худалдан авдаг хүмүүсийн олонхи нь ченжүүд байдаг. Тэд доороо машин малладаг малчинтай. Ченжүүд оруулж ирээд ветнам дээр засуулж янзлуулаад сэмбийлгэнэ. Малчин нь зах дээр зарна ийм л процесс. Японд хар салхины үеэр осолдсон машинууд яг одоо л жинхэнэ дуудлага худалдаагаар зарагдаж байна. Манай компани тэр машинуудыг сонгож дардаггүй. Дэмий байдаг юм. Ялангуяа сүүлийн үед автомашинууд компьютержээд байгаа болохоор дараа нь явцгүй болчихдог. Эд ангиуд нь зэврэхээс эхлээд л иргэдийн аюулгүй байдал хүртэл маш олон сөрөг нөлөө бий. Угаасаа дэмий. Харин ченжүүд бол ганц нэгээр нь авчирч байхыг үгүйсгэхгүй гэлээ.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ