Р.Төмөрхуяг: Гомбосүрэн голомт түших ганц хүү минь байсан

ЗТЯ-ны Газрын дарга агсан Т.Гомбосүрэнгийн ар гэрээс мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг, авга ах Р.Ганхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар оролцож байна. Мэдээллийн эхэнд  Талийгаач Т.Гомбосүрэнгийн 49 хоног өнөөдөр болж байгаа тул сэтгүүлчдийн асуултад хариулах боломжгүй байгааг ойлгоорой хэмээн  өмгөөлөгч нь онцоллоо.

 

Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг: Би хүүгээ танхай хүмүүжүүлээгүй

 

-Бид ийм хэрэг болсонд маш их харамсаж байгаа. Манай удам угсаа дөрөв дэх үеэ төрд зүтгэж байгаа. Яагаад гэвэл ардын хувьсгал ялснаас хойш миний өвөг эцэг Булганы харьяат ах дүү гурван партизан. Төрийн байгууллагад ажиллаж байх хугацаанд ийм зүйл  болно гэж бодоогүй би хүүгээ төрийн албанд зүтгүүлсэн. Миний хүү хүнтэй нийтэч, хүний эвийг олохын төлөө явдаг хүү байсан. Энэ явдал болсоноос хойш миний хүүг архидан согтуурсан, харилцан зодолсон гэж яриа гарсан. Миний хүү архи уудаггүй. Би төрд 40 гаруй жил ажиллахдаа нэг хундага архи ч уугаагүй Би хүүгээ танхай хүмүүжүүлээгүй. Ажил албаа хийгээрэй гэж хүмүүжүүлсэн. Миний хүү зүй бус зан авир  гаргадаг хүүхэд байгаагүй.

 

Одоо дөрвөн ач маань үлдлээ. Т.Гомбосүрэн миний голомт түших ганц хүү маань байсан. Надад ч бас хэцүү байна. Энэ дөрвөн ачийг нь амьд байх хугацаандаа хүнтэй адил сайн хүмүүжүүлье гэж бодож байна.

 

МИНИЙ ДҮҮГИЙН АМЬ НАСЫГ ЗОЛИН БАЙЖ АЛБАН ТУШААЛД ШУНАХ НЬ ЮУНЫХ ВЭ ГЭДГИЙГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААС АСУУМААР БАЙНА

Талийгаачийн авга ах Р.Ганхуяг “Маш хүнд өдрүүд өнгөрсөн. Хүний хайр татсан сайхан хүүхэд байсан. Гомбосүрэн миний хамгийн хайртай дүү Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад харгис алуурчны гарт амиа алдсан. 

Миний дүүг тухайн өдөр яамны гуравдугаар давхрын өрөөндөө дуудаж авчраад Махбал нарын хүмүүс зэрлэгээр амь насыг нь хороосон. Тэр өдөр барьж явсан гар утасных нь бичлэгийг сонсгохыг хүсэж байна гээд сонсголоо.

Энэ болсон үйл явдал бол монгол төрийн хуваагдал, эрх мэдлийн булаацалдаанаас улбаатай гэж бодож байна. Миний дүүгийн ажлыг булаан авахаар 2018 оны хоёрдугаар сараас эхлэн шат дараатай ажил хийгдэж байсан 

2018 оны дөрөвдүгээр сард миний дүүг томилолтоор явж байхад нь С.Дорждагва гэдэг хүнийг оронд нь томилох гэж байсан. Гэтэл С.Дорждагва нь ажилдаа тэнцэхгүй болохыг АТГ-аас ирүүлсэн албан бичигт дурдсан байна. 

Аймшигтай хэрэг гарсны маргааш би Улаанбаатарт ирээд дүүгийнхээ өрөөнд орсон. Өрөөнийх нь гэрэл асаалттай, пиджак нь сандал дээрээ тохоостой, компьютер нь асаалттай, бичиг цаас нь дэлгээтэй байсан. 

Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалд шунах нь юуных вэ гэдгийг Монгол Улсын Их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаас асуумаар байна. 

Энэ хэргийг Монголын цагдаа хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө гэж хүсэж байна. Энэ хэрэг гарахад ямар нэгэн байдлаар оролцсон, турхирч, түлхсэн албан тушаалтнууд шийтгэлийн гадна үлдэх ёсгүй" гэв.

 Та бүхэнд гар утасны бичлэгийг сонсгоё. /Жич: гар утасны бичлэг сонсгов. Талийгчийн гар утасанд хэрэг гарах өдөр ажлын байрандаа архидан согтуурч байсан хэн нэгэн холбогдон утсаар ярьж байгаа яриа бичигджээ/

"-Та яасан бэ?

-Яасан бэ, та?

-Юу яасан бэ гэж. Махбал даргын өрөөнд таныг хүлээж байна.

-За яваад оръё." гэсэн яриа байлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ