Эхнэрээсээ салаад 101 кг туржээ

Америк  эр Стивен Ринго 180 гаруй килограмм жинтэй байжээ. Ийм бүдүүнээс нь болоод эхнэр нь салаад явчихсан байна. Гэвч тэр эр хүн гэдгээ харуулж, хоёр жилд 100 кг турсныг хэвлэлд мэдээлжээ.

  Хүүхэд байхдаа Стивен горзойсон өндөр, чөрийсөн нэгэн  байж. Гэвч насанд хүрснээр  чилгэр сайхан  биетэй болоогүй бөгөөд энэ нь түргэн хоолонд нугасгүй байснаас тэр гэнэ.

2016 онд тэр 184 кг жинтэй болжээ. Илүүдэл жингээс болоод Рингогийн  бие нь  муудаж эхэлсэн байна. Унжсан бүдүүн гүзээ нь түүнд тонгойход саад болдог болж, улмаар  оймсоо өөрөө өмсөж, гутлаа үдэх нь түүний хувьд хүчрэхийн аргагүй ажил болжээ.

Ийнхүү таргалсан  нь түүний эрүүл мэндэд төдийгүй, хувийн амьдралд нөлөөлсөн байна. Өөрийнх нь хэлснээр, нөгөө  ажлыг бүр  хийж чадахаа больжээ. Энэ нь гэр бүлийн харилцаанд цэг тавьж, эхнэр нь түүнийг орхиод явчихсан байна.

Ийнхүү салсны дараа Стивен Ринго амьдралаа орвонгоор нь өөрчлөхөөр шийдэж, эхлээд иддэг хоолондоо анхаарал тавих болжээ. Өмнө нь тэр өдөр бүр бургер, пицца, наггетс, шарсан  төмс, их хэмжээгээр идэж, кола уудаг байсан байна.

Яваандаа мань эр хоол их идэх аюултайг мэдэрч, аминдэмээр баялаг, эрүүл  хоол идэх болжээ.

Теннесси муж улсын программч энэ эр  хоёр жилийн дотор 100 гаруй килограмм хаяж чадсан байна. Өөрийнх нь биеийн болоод сэтгэл санааны байдал ч  мэдэгдэм дээрдснийг тэр дурджээ. Тийнхүү тэр өөртөө улам бүр итгэлтэй болж чадсан  байна.

Одоо түүнийг зовоож байгаа цорын ганц зүйл нь унжсан арьс гэнэ.  Санхүүгийн шалтгаанаас болоод одоогоор мэс засал  хийлгэж чадахгүй байгаа ажээ.

Стивен Ринго одоо эмэгтэйчүүдтэй харьцахад ямар ч асуудал байхгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Гэвч тэр ойрын үед эмэгтэй хүнтэй дотносох бодолгүй байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ