Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайн төсөв хийчихсэн юмуу ?

        Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх 2019 оны төсвөө өргөн баричихаад баг хамт олноороо бахархсан шигээ нийгмийн сүлжээгээр аялаж явна. Тэр ямар төсөв хийчихээд ийн эрт ПИАР- аа хийгээд яваа юм болдоо? Үнэхээр үргүй зардлаа багасгаж, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой үр дүнтэй зүйлд зарцуулах төсвийн менежмент бүхий сайн төсвийн төсөөллийг гаргаж чадсануу, эс бөгөөс саалийн үнээ шиг л саалгаад байх боломжтой үрэлгэн төсөв хийсэнүү гэдэг нь УИХ-аар батлуулах үед бага сага ч гэсэн ойлгогдох боловуу? Ер нь УИХ-ын гишүүд төсөвтэйгээ танилцах тал дээр нэн чухал анхаарах цаг болсон баймаар.

     Цаасан дээрх хэдэн тоо харахаараа нүд нь эрээлжлээд байдаг бол өөрийн итгэмжит төлөөний хүмүүсээ, бүр цаашилвал хөндлөнгийн эксперт ажиллуулсан ч болохгүй гэх зүйлгүй. Тойрогт нь төсвийн нэмэгдэл харагдвал эрээ цээргүй магтаад, захиас даалгаварыг нь тусгаагүй бол толгой түрүүгүй загнаад байдаг хуучин хандлагаа халчих хэрэгтэй. Жишээ нь дэд сайд нарыг цомхотгох асуудлаар сүүлийн хэдэн жил сөрөг хүчин болон иргэдийн төлөөлөл шаардсаар ирсэн. Улсын мөнгөөр угжуулсан , ганц нэг төсөл хөтөлбөр аваад арилахаас цаашгүй нөхдүүдийг цомхотгож, төсвийн үргүй зардлыг танахаас эхлээд  сангийн сайд саалийн үнээ шиг үрэлгэн төсөв хийсэнүү, сайн чамбай оновчтой төсөв төсөөлсөнүү гэдэг нь тодорхой болох бизээ.   Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө өргөн мэдүүлэх үеэрээ дараахь тайлбарыг хийж байлаа.

Тэрбээр энэ жилийн төсөв цаг хугацаандаа өргөн мэдүүлсэн гэдгийг тодотгов. 2019 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,7 их наяд төгрөг, зардал 11,6 их наяд төгрөг. Нийт 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай. Энэ нь ДНБ-ий 5,4 хувь байна. Тэнцвэржүүлсэн орлогод Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн орлого ороогүй байна. Энэ хоёр орлогыг оруулаад тооцох юм бол Монгол Улсын төсвийн орлого 11,1 их наяд төгрөгт хүрэх аж.

2019 оны төсвийг боловсруулахдаа ДНБ-ийн өсөлт найман хувь байхаар тооцжээ. Ирэх жил татварын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж Сангийн сайд үзэж байгаа аж.

Монгол Улсын баялаг гарч байгаа бүх боомтыг камержуулах, автомашины рентген суулгахаар төсөвт суулгажээ. Үүнээс гадна оруулж ирж байгаа нефть бүтээгдэхүүний чанарт шаардлага тавих үүднээс орж ирж байгаа дөрвөн боомт дээр шатахууны чанарыг шалгадаг тоног төхөөрөмж суулгахаар болсон байна.

Төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөг. Үүний 1,3 их наяд төгрөг нь гадаадын зээл тусламж, үлдсэн нь, төсвийн мөнгөн хөрөнгийг оновчтой зөв менежментээр зохицуулсны дүнд нөхөх аж. Гадаадын зээл тусламжаар 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэх бөгөөд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал ус боловсруулах, нефть боловсруулах үйлдвэр, Дарханы авто зам, Налайхын авто зам, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих зэрэг ажил хийгдэнэ.

Ирэх жил шинээр зээл авахгүй гэдгийг Сангийн сайд онцлов. Одоогоор өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьтай тэнцэж байгаа нь тайвшрах цаг болоогүйг илтгэж байна гээд өрийг ДНБ-ий 40 хувьд тэнцүүлэхийн төлөө ажиллана гэв.

Ижил төстэй аймгуудад эрүүл мэнд, боловсролын санхүүжилт өөр өөр байсан. Тэр бүү хэл адилхан хүүхэд хүлээн авах чадалтай сургуулийн зардал ч өөр өөр хуваарилагдсан байсан. Тэгвэл үүний нормыг шинэчилсний үр дүнд ижил төстэй газруудад тэнцүү төсөв хуваарилах бодлого барьсан байна.

2019 оны төсвийн бас нэг онцлог нь цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор 720 тэрбум төгрөг нэмжээ. Туршилтын шугамаар хоёр эмнэлэг төсвөөс ангид бие даасан үйл ажиллагаа явуулах эрхийг олгох аж. Тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв өөрсдөө хөрөнгийн эх үүсвэрээ шийдэж, эмчилгээ сувилгааг хийх нь.

Үүнээс гадна МСҮТ-т суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор төсөвт 41 тэрбум төгрөг суулгажээ. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд зөрүү гарч эхэлсэн тул тэтгэмж олгох хэлбэрээр МСҮТ-т суралцагчдын тоог нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх аж.

Үүнээс гадна ирэх жил улсын төсвөөс 1 их наяд 366 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

  • 49 сургууль
  • 60 цэцэрлэг
  • 22 дотуур байр
  • 32 эмнэлэг
  • 27 спорт заал шинээр баригдах аж.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өгч байсан юм.

-Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 720 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Яг хэзээнээс эхлээд, хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ?

-Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 720 тэрбум төгрөг суулгасан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцын түвшинтэй уялдаад нэмэгдэнэ.

-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэгдүүлэх үү?

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор тооцсон.

-Утааг бууруулахад хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Нийт 200 орчим тэрбум төгрөг. Үүнээс 45 тэрбум нь гэр хорооллын цахилгаан дулааны шугам тавихад зарцуулагдана. Үлдсэн 147 тэрбум нь боловсруулсан түлшний үйлдвэр барих болон бусад зүйлд зарцуулагдана гэсэн юм.

Д. Номуун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ