УИХ-ын гишүүн Ж.Батзандан алслагдсан хороодод ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрөгч бямба, ням гарагт тойрогтоо ажиллаж, Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хорооны иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад БЗД-ийн Эрүүл мэндийн төв, Газрын алба, Гэр хорооллын дэд бүтцийн газар болон дээрх хороодод бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй компаниудын төлөөлөл оролцож, иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулсан юм.
11-р хорооны тухайд энэ жил Шинэ хороо төсөл, Туул зөрлөгийн нүхэн гарц, далан, Ахмадын өргөө, Тоглоомын талбай байгуулах зэрэг томоохон ажлууд эхлээд байгаа юм. Мөн ӨЭМТ дуудлаганд явах машинаа шинэчилж, ус түгээх машинууд ч нэмэгдсэнд талархаж буйгаа иргэд хэлж байлаа. Сайны хажуугаар саар зүйлс байсаар байна. Тухайлбал, иргэд амьдарч буй газраа өмчилж чадахгүй байхад гадны иргэд эсвэл томоохон компаниудад их хэмжээний газар олгож буй талаар, газрын албаныхны авлига хэрээс хэтэрч байгааг иргэд шүүмжилж байв. Алдслагдсан 11-р хороонд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулахын тулд европт хөгжөөд буй “Явуулын эмнэлэг” ажиллуулна гэдгийг БЗД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэлсэн бол Ж.Батзандан гишүүн энэ санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
12, 13-р хорооны оршин суугчдын хувьд нэн тулгамдсан асуудал нь дахин төлөвлөлт юм. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачилгаар эхэлсэн энэ ажил эдийн засгийн хүндрэл, гүйцэтгэгч компаниуд санхүүгийн чадамж муугаас болоод зогссон. Гурван талт гэрээнд гарын үсэг зурж, газраа чөлөөлсөн оршин суугчид гадуур байр түрээсэлж байгаа ч гэрээт компани нь эхний хэдэн сарын түрээсийг төлөөд сүүлийн хэдэн жил өгөхөө больж, маш их санхүүгийн дарамт учруулж байгаа талаар иргэд хэлдэг. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ төслийг нэг бол урагшлуулах эсвэл гэрээг цуцалж, иргэдийн өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх талаар нийслэлийн удирдлага болон Гэр хорооллын дэд бүтцийн газрыг шахаж ажиллана гэдгээ хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тойргийн уулзалт 16-р хорооны иргэдтэй уулзсанаар өндөрлөсөн юм. Тус хороонд орон сууцны барилга олноор баригдаж байгаа бөгөөд чанарын шаардлага хангаагүй барилгуудыг улсын комисс хүлээж авч байгаад иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж байв. Мөн газар эзэмших эрх авсан зарим ААН болон хувь хүн барилгаа барихгүй удсаны улмаас орчин тойронд нь хог хуримтлагдаж, хөрс болон агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг оршин суугчид хэлж байлаа. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүс болон иргэдийн төлөөллийг байлцуулан хамтарсан уулзалт зохион байгуулж, зөрчлийг арилгуулах талаар анхаарна гэдгээ Ж.Батзандан хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ