Бурхан шиг ерөнхийлөгчөө шүтэж амьдаръя !

3,1 сая хүнтэй, 66 сая малтай , байгалийн баялаг бүхий ийм том газар нутагтай Монголчууд яагаад сайхан амьдарч чадахгүй байна вэ? Яагаад авилга хээл хахууль багасаж, шударга ёс хаанчилж, хүнлэг энэрэнгүй ардчилсан Монгол орныг цогцлоон бүтээж чадаагүй вэ? Яагаад цөөхөн хүмүүс нь лизенз нэртэй цаасаар газар нутгаа худалдаж баяжчихаад байхад нилээд хэсэг нь хаймар шатааж дулаацаад , хоногийн хоолоо аргалж амь зогооно вэ? Энэ асуултын хариуг хайж ядаж олоод бараг л олигархи болгон Үндсэн хуулиа өөрчлөе, тогтолцоондоо байна гэж ярих болсон.
Өөрсдөө ийм байдалд хүргэсэн хүмүүс эргээд ийм зүйл ярихаар ард иргэд яаж итгэх вэ дээ? МАХН-ын дарга Н.Энхбаярын Шинэ үндсэн хуулийн хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн "Засаглалын системээ өөрчлөх цаг боллоо" ард нийтийн санал асуулга гээд эх оронч ,сэтгэлтэй хүмүүсийн зөв санаачлагыг иргэд сонгогчид дэмжиж л таарна. Гэхдээ бүр энэ ч арай ч дээ гэмээр луйварчид Үндсэн хуулиа өөрчилж, тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүйнээ гээд цаг үргэлж шүлсээ үсчүүлээд байхаар юу ч хэлхэв. Ер нь ингэхэд Монголчууд бид нэг тийш хэт туйлшрах гээд байдаг хандлагатай хүмүүс.
Төрийн тэргүүн та түмнийхээ жолоог татах газар нь татаж явахгүй бол "Намууддаа ч хүмүүсдээ ч буруу алга, Тогтолцоогоо өөрчлөх цаг боллоо" гээд уриалчихаар захын олигархи, төрөөс төрсөн тэрбумтнууд бидэнд буруу байхгүй юм байна гээд оодорч, олон түмнээ дээрэлхээд доромжлоод эхэлнэ биз дээ.
Бурхан л бүгдийн нүглийг уучилж өнөөдрөөс та гэм нүгэлгүй болсон гэж шивнэдэг байхад ,Ерөнхийлөгч та тэдгээр хүмүүст хандаж та нарт буруу байхгүй юм байна, та нарын намуудад ч буруу алга гээд УИХ-ын индэр дээрээс хэлчихлээ шүү дээ. Эсвэл эрхэм ерөнхийлөгч та тэр буруутнуудын бас нэгэн юмуу? Өнөөдрөөс өмнөх бүх гэм нүглийг нь уучиллаа гэж бодьё. Маргааш тэгээд сайн хүмүүс ,сайн намууд болно гэсэн баталгаа нь ч хаана яваа юм болдоо? Хэрвээ эрхэм Ерөнхийлөгч таньд л бүгд үзэгдэж харагдаад байгаа бол бурхан шиг Ерөнхийлөгч танийгаа шүтэж амьдаръя.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ