АМГ, АТГ-ыг нэг дор хамтад нь байлгавал ямар вэ?

          Монголынхоо баялагийг лизенц нэртэй цаасаар худалдсан асуудлыг сүүлийн хэдэн жил Ашигт малтмалын  газарт  дарга хийж байсан нөхдүүдээс асуух эрх ард түмэнд ,ард түмнийг төлөөлдөг төрд бий. Төр барьж байгаа аль ч нам АМГ-т хүнээ байршуулж Монголын баялагийг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж авах, зарах зэргээр дураараа аашилж ирсэнийг мартах учиргүй.

         Эхэндээ хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж харийнханд лизенц зарчихдаг зэрлэг балмад аргачлалтай байсан бол ,эрхбиш цаг үе нь өөрчлөгдөхийн хирээр АМГ-ынхны энэ эрээ цээргүй үйл ажиллагаа ч бас дагаад илүү боловсронгуй болсон байх. Саяхан л гэхэд Ашигт малтмалын  газарт Хуулийн хэлтсийн даргаар ажилладаг Ж.Батмагнай бусдаас авлига нэхэж байгаа аудио бичлэг олон нийтэд цацагдлаа. Тэрээр шүүхэд ажилладаг ангийн найзтайгаа хамтран маргаантай байгаа ашигт малтмалын лицензүүдийн асуудлыг зохицуулсныхаа төлөө бусдаас авлига нэхэж авдаг тухай зарим хэвлэл мэдээлжээ. Ж.Батмагнай  нь 2014 онд Ашигт малтмалын газарт мэргэжилтнээр ажилд орсон бөгөөд 2016 оны улс төрийн сонгуулийн дараа Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон байна. Ж.Батмагнай АН-ын нөлөө бүхий лидерийн ойрын хамаатан, "МАН-д манай ангийн хүүхэд байнгын хорооны ажилтай", МАНАН бүлэглэлийн аль алинд хамгаалалттай хэмээн бусад сайрхдаг байна. Энэ удаа түүний нэгэн компаниас 20 сая төгрөгийн авлига нэхэж байгаа аудио бичлэгийг цаад тал нь бичиж, олон нийтэд дэлгэжээ. Өмнө нь АМГ-аас хэдэн ч хүн хэл ам таталж, хэрэг төвөгт холбогдсон билээ дээ.

         Ой тойнд багтамгүй олон олон лизенцийн хэргүүд хөвөрч л байсан. Хил манасан хүнийг хэзээ ч дуудаж асуух шаардлага гарч болох тухай хилчид ярьдаг. Тэгвэл эх орны баялагийг лизенц нэрээр цөлмөсөн цөвүүн цагийн шувтарганд АМГ-т ажиллаж байсан зарим дарга нараас заавал асуух зүйл ард түмэнд байгаа шүү гэдгийг сануулчихья. Хэрэг хуучирдаггүй гэсэн үг ч байдаг. 

Ер нь Ашигт малтмалын газрыг Авилгатай тэмцэх газартай хамт нэг байранд  байлгавал ямар вэ ? АМГ ба АТГ  аятайхан л харагдах юм байна  шүү дээ. Олон жилийн олон эзэн холбогдогчтой ээдрээтэй асуудал энэ газраар дамжсан болохоор хол байхад илүү их зардал гарнаа л гэсэн үг. Аль аль нь татвар төлөгчдийн ард түмний мөнгөөр санхүүждэг газрууд.


Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ