Сурагчдыг A-F үсгээр биш, 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үнэлгээний чанарыг шинэчилж, шинэ үнэлгээний системийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа билээ. Тодруулбал, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт сүүлийн 15 жилийн хугацаанд гурван удаа өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор сурах бичигт ч, үнэлгээний систем, багшийн арга зүйд ч өөрчлөлт орж, сургалтын хэрэглэгдэхүүнд дэвшил гарах ёстой гэж үзэж байгаа. 

Гэсэн хэдийи ч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөтөлбөр, судалж байгаа агуулга, хичээлийн цагт нь өөрчлөлт ороод байдаг хэрнээ үнэлгээ нь өөрчлөгддөггүй, сурах бичиг нь хоцорч шинэчлэгдсэнээс нийгэмд, эцэг, эхчүүдийн дунд бухимдал үүсгээд байгаа. Тэр дундаа үнэлгээний хувьд сүүлийн бараг 10 гаруй жил A, B, C, D, F гэсэн таван шатлал бүхий үнэлгээтэй явж ирсэн. Энэ үнэлгээг олон сул талтай болохыг эрдэмтэн судлаачид хэлдэг. Тиймээс  нэгдүгээрт хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотой, цаг үеэ дагаад шинэ системийг хийсэн байна. 

Ингэснээр сурагчдынн үнэлэх шинэ үнэлгээ найман шатлалтай болжээ. Хуучин 50 оноо авсан хүүхэд "F" буюу муу л байдаг байсан. Гэтэл тэр хүүхэд тодорхой хэмжээний хувийн ур чадвараараа гүйцэтгэсэн ч 20 хувь гүйцэтгэсэн хүүхэдтэй ялгаагүй "F" дүн тавьдаг байсан нь тухайн хүүхдийн урам зориг, итгэл найдварыг бөхөөдөг. Нөгөө талаар 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа хүүхдийг шууд 60, 70 хувьтай бол гэж шахах нь хүүхдэд амаргүй. Харин тухайн хүүхдийг одоо 20 хувьтай байгаа бол 30 хувьтай болчих гэх мэтээр алхмыг нь ойртуулах боломжтой болж буйгаараа сурагчдыг дүгнэх онооны давуу тал оршиж байгаа гэнэ. Энэ мэтчилэнгээр найман шатлалтай болж байгаа. 

Үнэлгээний системийг шинэчилснээр дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн, олон талын давуу чанарыг бий болгож байгаа аж. Тэр багш тухайн сурагчтай яаж ажиллах арга зүй нь үнэлгээнээс гараад ирнэ. Сургалтын ямар хөтөлбөрийг тэр хүүхдэд хэрэгжүүлбэл илүү сайжрах вэ гэдэг нь тодорхой болно гэж албаныхан онцоллоо. 

Үнэлгээний системийг бүх шатаар хэлэлцүүлж, өнгөрсөн тав, зургаадугаар сард батлан, наймдугаар сард сургалтуудаа зохион байгуулснаар хэрэгжиж эхэлж байгаа юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ