Зам тээврийн ноцтой ослын улмаас таван хүн амиа алджээ

Энэ сарын 1-5-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 1416 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1017 дуудлага ирсэн байна. Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ. Мөн осол, хэргийн улмаас 52 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол бага насны 12 хүүхэд осолд өртсөн аж.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 иргэнийг олж тогтоож шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчлуулахаар шийтгэжээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал, аравдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг асфальтан замд "Ipsum" маркийн автомашин нь улсын дугааргүй МТЗ маркийн тракторын чиргүүлийн араас мөргөж, жолооч М-н амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Мөн энэ сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Яармагийн зам, “Оргил” худалдааны төвийн урд замд "Sonata-7" маркийн автомашин явган зорчигч 62 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Энэ долоо хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногтой харьцуулан авч үзвэл нийт дуудлага мэдээлэл гурваэ хувиар буурсан бол гэмтсэн хүн, амь нас нь хохирсон хүний тоо 20 орчим хувиар нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ