С.Эрдэнэбат: Шатахуун импортлогчид санаатай хомсдол үүсгэж болзошгүй байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шатахууны үнэ нэмсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ “Шатахууны үнэ он гарсаар гурван удаа өслөө. Оны эхэн үетэй харьцуулахад 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Хамгийн өргөн хэрэглэдэг АИ 92 бензин 1885-1920 төгрөгийн хооронд харилцан адилгүй үнэтэй байна. Энэ хэвээр үргэлжилбэл илүү их хэмжээний хохирлоор эргэж төлөх нөхцөл байдал үүснэ. Тээврээр дамжуулж орж ирдэг бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Талх, гурил, цахилгаан дулаан бүгд нэмэгдэнэ гэсэн үг.
Гэтэл Үнийн зөвлөл нь үнэ тарифийг тогтвортой барих үүрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн хуралдаанаар шатахууны үнийг тодорхой төвшинд барих зорилгоор гаалийн албан татвар хөнгөлөхөөс эхлээд тодорхой татваруудыг шинэчлэн тогтоох, Онцгой албан татварын хэмжээг шинэчлэх, эрсдэлийн сан байгуулах асуудлыг тавьж байсан. Мөн Монголбанк, Уул уурхайн яам, Сангийн яам хамтарч үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр арга хэмжээг авч ажиллах шаардлагыг тавьсан. Энэ нь үнэ хямд байхад бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан тогтоож худалдаж авах, дэлхийн зах зээлд үнэ өснө гэвэл урьдчилж худалдан авах боломжтой байсан. Эдгээрийг хэрэгжүүлээгүй учраас бензиний үнэ өссөн гэж үзэж байгаа.
Мөн бензиний чанарын асуудалд хандуулах шаардлагатай байна. Хамгийн сүүлийн Үнийн зөвлөлийн хурал дээр 100 мянган тонн хуурамч бензинийг татваргүй оруулсан асуудал яригдсан. Энэ хуурамч бензины асуудлыг судалж, хаагуур яаж зарагдсаныг олж тогтоох шаардлага тавьсан.
Үүнээс гадна өнгөрсөн нэг сард бензиний хомсдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор МҮЭХ шалгалт хийхэд шатахуун импортлогч компаниуд хангалттай хэмжээний нөөцтэй байсан. 7000-8000 тн бензиний нөөцтэй байсан мөртлөө түүнийгээ бензин дууссан гэж борлуулаагүй. Нэг л компани бензинээр хангаж байсан. Бусад компанийн бензиний нөөцийг шалгахад дуусаагүй байсан. Энэ нь дараа сард бензин үнэтэй орж ирнэ гэдгийг мэдээд "дууссан" гэж нөөцийн хомсдол үүсгэсэн. Үүнд хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн. Хэрвээ хариуцлага тооцохгүй бол нөөцөлсөн бензинээр хомсдол үүсгэх асуудал үүснэ гэж бодож байна.
Хамгийн сүүлд нь бензин шатахууны асуудал дээр татварын хөнгөлөлт үзүүлэх, нефть импортлогчид Монголбанкнаас доллар худалдан авалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, эрсдэлийн сангаа байгуулах хэрэгтэй байна. Мөн манай улсад 150 гаруй бензин шатахуун импортлогч компани байгаа гэсэн мэдээлэл байна. Нийт хэрэглэгчдийн 32 хувь АИ 92 бензин, 60 хувь нь дизель хэрэглэж байна. Тэгэхээр Засгийн газраас АИ 92, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна” гэж ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ