Тэд гадаадын иргэнийг хөнөөж, орчуулагчийг нь хүчирхийлсэн

Хүний амь насыг зэрлэг бүдүүлгээр хөнөөсөн хэрэг ойр ойрхон сонсогдох болжээ. Хамгийн сүүлийн мэдээ нь "Гадаад иргэнийг хөнөөж орчуулагчийг нь хүчирхийлжээ" гэсэн гарчигтай. Мэдээлэхэд ч хэцүү мэдээлэхгүй байхад ч хэцүү энэ мэт зэрлэг балмад гэмт хэргийн зорилго, үйлдэл, үр дагаварыг нь бодохоор үнэхээр харамсмаар. Арай ч дээ л гэмээр. Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлжээ. Уг ноцтой хэрэг энэ сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байна.
Хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус үйлдсэнийг тогтоожээ. Гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм.
Тэр жил бас тэс хөдөөний айлд хоноод гарсан гадаадын иргэнийг араас нь очоод шунахайн сэдлээр хөнөөчихсөн харамсалтай муухай хэрэг гарч байсан. Эрдэнэт хүний амь насыг хохироох эрх хэнд ч байхгүй. Яг үнэндээ Монгол ч бай гадаад ч бай хүний аминд хүрэх нь бүү хэл хүний биед ч хүрэх эрх байхгүй шүү дээ. Гэхдээ энэ удаад гадаадын иргэдийг өмөөрөх хамгаалах үүднээс хэдэн зүйл хэлчихье.
Аялал жуулчлал, амралт зугаалга ,ажил хэргээр явж байгаа гадны иргэнрүү битгий цоо ширтэж бай. Тэдэнд эвгүй чамд ч тэнэг. Ялангуяа эмэгтэй хүнийг өөрөө гараа өгсөн тохиолдолд гар барихаас бусад үед бүү гар хүр. Липтэнд ч, тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зайтай бай. Бүү шах. Ингэж болдоггүй юм. Амарч зугаалж яваа гадныхныг моринд мордуулж туслахаар бол өөрөөс нь эхлээд асуу. Өмнөд Солонгост турникрүү тэмүүлж байгаа өсвөр насны охиныг өөрийнх нь зөвшөөрөлгүй өргөж өгч байгаад хэрэгт орсон монгол хүн ч бий. Бүдүүлэг байхаа, үхэр шиг байхаа больж үз.
Харин гадаад ч бай, Монгол ч бай хүний амь насанд халдаж гэмт хэрэг хийсэн хүн араатан та нарт бол хэлэх ч үг алга даа. Төр төмөр нүүрээрээ учирсан нь дээр. Тэд гадаадын иргэнийг хөнөөж, орчуулагчийг нь хүчирхийлсэн.
Э.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ