Төвийн бүсийн өрсөлдөх чадварыг хэлэлцэж байна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулга уулзалтыг “Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” сэдвийн хүрээнд өнөөдөр Дархан хотод зохион байгуулж байна.

Уулзалтад Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцож, өөрсдийн аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар хэлэлцэж буй юм. Мөн УИХ, яамд, мэргэжлийн холбоод, олон улсын болон бизнесийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, өөрсдийн саналыг хуваалцаж байгаа аж.

Чуулганыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар нээж үг хэлсэн бол Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, ДеФакто институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөх Б.Дашдорж, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Зээлийн батлан даалтын сангийн дэд захирал Г.Пүрэвсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатар нар “Төвийн бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл, хөтөлбөрүүд” , “Гадаад зах зээлд гарах боломж”, “Хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжууд”, “Чанартай боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2012 оноос эхлэн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргаж, тус судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр бүсчилсэн чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны анхдугаар чуулган Улаанбаатар хотод 2014 онд, Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган Баруун-Уртад 2015 онд, Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган Мандалговьд 2016 онд, Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган Мөрөн хотод 2017 онд тус тус болсон.

Сонирхуулахад, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох зорилгоор жил бүр судалгаа гаргадаг бөгөөд 2017 онд өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлжээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ-2017 он

СЭТГЭГДЭЛ БИЧИХ