Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гараагүй

          Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад Улаанбаатар хотын хөгжил, эдийн засгийн өсөлтийг сайжруулж, оршин суугчдаас гарч буй сул зардлыг багасгах зорилгоор Нийслэлийн ИТХ-аас тодорхой ажлуудыг санаачлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд буй.     Олон нийтийг бухимдуулж, эдийн засгийн хохирол учруулж байгаа тулгамдсан асуудлын нэг нь замын хөдөлгөөний ачаалал юм. Замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах хүрээнд Нийслэлийн ИТХ-аас 2018 оны эхний улиралд дүүрэг бүрт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Иргэд, олон нийт оролцсон энэ арга хэмжээний үр дүнд орон нутгийн хөрөнгө, боломжоор шийдэж болохуйц нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, орц, гарцыг нээх арга хэмжээ авч эхэлсэн. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэн тулгамдаад байгаа, нийслэл, Засгийн газрын хэмжээнд шийдэх шаардлагатай асуудлаар гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн, мэргэжилтнүүдийн тооцоонд үндэслэн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилго бүхий 70 дугаар тогтоолыг баталсан.

          Дээрх 70 дугаар тогтоолд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах дэд хөтөлбөрийн төсөл, тогтоолын хэрэгжилтийг хангах журмын төслийг боловсруулж, Нийслэлийн ИТХ-д танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон. Тус тогтоол нь дан ганц түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар хөдөлгөөнд оролцуулах зорилго агуулаагүй болно. Зарим авто замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, автозогсоолын тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөны зохион байгуулалтад шинэ зохицуулалт оруулах гээд үе шаттай арга хэмжээ авахаар тусгасан. Тогтоолыг хэрэгжүүлэх журмын төсөл боловсруулалтын шатанд явж буй тул түгээлтийн автомашиныг тодорхой цаг хугацаанд хөдөлгөөнд оролцуулах талаар албаны шийдвэр гараагүй болно.

          Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд шат дараатай олон арга хэмжээ хэрэгжүүлсний нэг нь эрдэмтэн судлаачид, иргэдийн санаа бодлыг сонсох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгах чиглэлээр "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнийгНийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан билээ. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэрийг үйл ажиллагаандаа тусгаж, хууль тогтоох болон төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.

Түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар хөдөлгөөнд оролцуулах чиглэлээр хийж буй судалгаанаас:

·       Нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй байгаа 536 171 автомашины 67 999 ачааны /хүргэлт, түгээлтийн үйлчилгээний/ автомашин байна. Мөн 63 120 нь компани, хоршоо, нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах чиглэлээр хөдөлгөөнд оролцдог.  

·       Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдрийн цагаар оролцож буй автомашины таван хувь нь дэлгүүр, хоолны болон бусад олон төрлийн үйлчилгээний газруудын хүнс, түүхий эд, материалаар хангахад зориулагдсан автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Ид ачааллын буюу 11.00-15.00 цагийн хооронд энэ тоо нь  долоон хувьд хүрч байна.  Бараа ачиж буулгаж байгаа нэг автомашин тухай орчныхоо хөдөлгөөний эрчмийг 30 хувиар бууруулдаг.

·       Худалдаа үйлчилгээний салбаруудад бараа түгээж байгаа автомашинуудын 10.6 хувь нь явган хүний зам, 2.1 хувь нь автозогсоол, 4.2 хувь нь зорчих хэсэг дагуух зогсоол, 83.3 хувь авто замын I эгнээнд зогсож ачаагаа дэлгүүр рүү зөөдөг гэсэн судалгааг Замын хөдөлгөөний удирдлагын төв болон ТЦА-наас гаргасан байна.  

·       Өргөн хэрэглээний хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүнээс гадна шатамхай шингэн, тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэж, түгээдэг автомашиныг тогтоолд хамруулан ойлгох нь зүйтэй. Тогтоолын хүрээнд дан ганц хүнсний бүтээгдэхүүний хүргэлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулна гэж ойлгож болохгүй.

·       Замын хөдөлгөөний ачаалал багатай бүсүүдэд (Их тойруугийн гадна) түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах боломжтой.

·       Уг зохицуулалтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд журмын төсөл боловсруулж буй бөгөөд Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж, баталсны дараа эцсийн шийдвэр гарна.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ