Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүний амь нас хохирчээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгажээ.
Ослын улмаас орон нутагт 5, нийслэлд 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой тэр дундаа онхолдох хэлбэрээр гарсан осол бүртгэгджээ.
Хөдөө, орон нутагт иргэд мотоциклийг ахуй амьдралдаа, малын бэлчээрт зэргээр өдөр бүр хэрэглэхдээ хамгаалалтын малгай, хэрэгслийг өмсөж хэрэглэдэггүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцдог зэргээс шалтгаалж зам тээврийн ослын үед толгой, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч амь насаараа хохирох явдал ихээр бүртгэгдэж байна.
2018 он гарсаар эхний 9 сард гэхэд мотоцикльтой холбоотой ослын улмаас улсын хэмжээнд 84 хүний амь нас хохирсны 83 нь буюу 99% нь орон нутагт бүртгэгджээ.
Иймд мотоциклийг хаана, хэрхэн хэрэглэх зориулалтаас шалтгаалж сонголтоо зөв хийх, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг тус албанаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ