Жулиа Робертс: Хүмүүс гадна төрхийг минь хэрхэн хүлээж авах вэ гэдэг дээр санаа зовохоо больсон


Холливудын од Джулиа Робертс энэ сарын 28-нд 51 нас хүрчээ. Түүний “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-“Lancôme” брэндийн элч төлөөлөгч байх нь таны хамгийн дуртай дүр гэж та хэлж байсан. Тус брэндтэй хамтран ажиллаж эхлээд хэдийнэ найман жилийн нүүр үзжээ?

-Тус брэндтэй хамтран ажиллана гэдэг үнэндээ тэр чигтээ баяр цэнгэл. Би тавь гарсан эмэгтэй шүү дээ. Гэтэл өнөөг хүртэл “Lancôme”-гийн моделиор ажиллаж байна. Би Пенелопа Круз, Кейт Винслет, Исабелла Росселлини гээд брэндийн бусад модельтой урьд өмнөхөөс илүү их уулзаж, хамтдаа цагийг сайхан өнгөрөөдөг болсон. Тэд бүгд гайхалтай эмэгтэйчүүд. Бид үзэсгэлэнт сайхан газруудад нүүр будагч, гэрэл зурагчин гээд ажилдаа жинхэнэ эзэн болсон мэргэжилтнүүдтэй хамт ажилладаг нь ямар урамтай гээч! 


 

-Та өөртөө болон өөрийнхөө гадна төрхөд үргэлж итгэлтэй байдаг уу?

-Нас ахих тусам хүний үнэт зүйлс өөрчлөгддөг юм байна. Урьд өмнө нь бодож ч яваагүй үрчлээ гэх мэт зүйл нэг хэсэгтээ гэнэт чухал болдог ч тодорхой насанд хүрэхээр хүмүүс гадна төрхийг минь хэрхэн хүлээж авах вэ гэдэг дээр санаа зовохоо больдог бололтой. Энэ тал дээр ойр дотныхныхоо санаа бодлыг л сонсдог болсон. Би хэдэн долоо хоногийн турш өөрийгөө тольдоггүй гээд л бодчих. 

-Жүжигчний завгүй ажилтай та хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх цаг зав яаж гаргадаг бол?

-Аль болох бага ажиллахыг л хичээх болсон. Дэлхийн ихэнх бүсгүйчүүд хувийн амьдралаа ажлынхаа хуваарьт зохицуулдаг даа. Харин сүүлийн үед би эсрэгээр, ажлаа хувийн амьдралдаа тааруулахыг эрмэлзэж байна.

Ээж минь гурван охиноо ганцаараа өсгөн хүмүүжүүлсэн хүн. Тэр гэр бүлийн төсвөө хөтөлж, амьдралынхаа хором бүрийг нарийн төлөвлөдөг байжээ. Ээжийнхээ оронд байсан бол би түүн шиг эх хүний үүргээ гүйцэтгэж чадахгүй л болов уу. 

Миний нөхөр (киноны зураглаач Даниэл Модер) ажил ихтэй, завгүй хүн. Би хааяахан хүүхдүүдийнхээ хамт түүн дээр зураг авалтын талбайд нь очиж уулзах дуртай. Гэхдээ ихэвчлэн ажлаа тараад гэртээ ирэхийг нь хүлээдэг. Хэт хуучимсаг үзэлтэй гэр бүл шиг санагдаж байна уу? Хамаагүй ээ. Учир нь гэр бүл минь надад  юунаас ч илүү чухал.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ