Б.Эрдэнэдэлгэр: Тэд сүлжээнээс хүмүүс хожоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг

Та гэртэй зүгээр сууж байгаад л саятан болохыг хүсэж байна уу? Хөрөнгө оруулалт хийгээд л жилийн дотор та байртай болох болно гэх мэтчилэн уран цэцэн үгээр танийг уярааж, үнэмшүүлж таны мөнгийг залилсаар байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр сүлжээ гэх нэрээр явагдаад байгаа бизнест уруу татагдаж болохгүй, бүгд залилан хэмээн иргэдэд удаа дараалан анхааруулдаг. Сүлжээний залилантай холбоотой сүүлийн үеийн мэдээллээс хүргэхээр “Нийслэлийн мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч” Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.
Сүлжээний бизнес гэх нэрийн доор залилан их гарах болсон. Иргэд энэ төрлийн гэмт хэрэгт их өртөөд байгаа шалтгаан нь юу вэ?
Сүлжээний залиланд иргэд яагаад олноор элсэж ороод байна вэ гэхээр тухайн үйл ажиллагааг явуулж байгаа иргэн, компани үйл ажиллагаагаа бага зэрэг өөрчилж байгаад их учир байна. Анх энгийн пирамид аргаар та 2 хүн олоод ир тэр 2 чинь доороо 2 хүн олоод тэгээд та ашигаа ав, дараа нь ахиад гэх мэтчилэн пирамид арга ашигладаг байсан бол үүнийг гэмт хэрэгт тооцно гээд анхааруулаад ирэхээр нөгөө компаниуд чинь компаныхаа үйл ажиллагааг гадаадын нэртэй компаны нэр барьж өөрчлөөд энэ бол олон жил үйл ажиллагаагаа явуулсан, ашиг нь тогтворжсон, таньд өгөх өгөөж нь найдвартай шүү гэх зэргээр иргэдэд итгүүлж эхэлдэгт байгаа юм. Цагдаагийн байгууллагын зүгээс ийм төрлийн үйл ажиллагаанд битгий итгээрэй, иргэд хохирч байна, хохирлын мөнгө ихсэж байна, хор уршиг нь их болж байна гэхчлэн янз бүрийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж байгаа. Үүнийг үл тоогоод иргэд элсэж ороод байгаа нь иргэдийн цэвэр ухамсарын асуудал гэж бодож байна.
Сүлжээний залилан сүлжээний бизнесийн тухай ямар хууль заалт байдаг вэ?
Сүлжээ гээд манайхны нэрлээд байгаа олон шатлалт маркетинг пирамид тогтолцооны аргыг луйврын аргаар залилах гэмт хэргийн хувьд 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцхоор зохицуулалт орсон юм. Энэ эрүүгийн хуулийн 17-гийн 3-р зүйлийн 3дахь хэсгийн 3-ын 2-т зааснаар олон шатлалт маркет пирамид тогтолцооны аргын луйврын аргаар бусдыг залилах юм бол 5-12 жил хүртэл хорих ял шийтгэнэ гээд заачихсан байгаа. Хэргийн ангиллын хувьд хүнд гэмт хэрэгт тооцох заалт байгаа.
Манайд одоогоор хэдэн төрлийн сүлжээ үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Эдгээрээс ямар ямар сүлжээнд хэрэг үүсгэн шалгаж байна?
2007-2012 оны хооронд 27 ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, 36 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Яг одоо пирамид тогтолцооны аргаар үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани, ААН байгаа. Үүнээс 4 компанид холбогдох хэрэг үүсгэж мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Одоогоор ямар компаниуд болох талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг шалгагдаж байгаа болохоор хууль ёсны үйл ажиллагаа явагдаж байсан үгүй нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Жи-Тайм, стамфорд гээд хэд хэдэн сүлжээний залилан илрээд байгаа. Одоогийн байдлаар хичнээн хүн хэдэн төгрөгийн хохирол амссан бэ?
Одоогоор мөн л тодорхой тоо баримт хэлж болохгүй байна. Яагаад гэвэл өнөөдөр хэлсэн тоо маргааш өөрчлөгддөг. Ямар ч байсан Жи тайм гэх сүлжээнд улсын хэмжээнд 20 мянга орчим хүн хамрагдсан гэсэн тойм тоо байдаг.
Стамфордын хувьд гэхэд л нийт 100 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл тархсан. Энэ талаар харин ярих боломжтой биз дээ?
Энэ тоо бол хохирогчдын өөрсдийх нь гаргасан тоо. Мөрдөн байцаалт явагдаж байх хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 17 хохирогч хохирсон гэж хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа. Үүн дээр 100 тэрбум гэсэн тоо байхгүй ээ. Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилсээр байгаа.
Одоогоор мөрдөн байцаах ажил ямар шатандаа явж байгаа вэ?
Хохирогч нартай холбоотой асуудлыг шалгаж дууссан бол одоо иргэний хариуцагч буюу төлсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хариуцагч нартай холбоотой асуудал дээр мөрдөн байцаах ажил явагдаж байна. Тэд нарыг эцэслэн шалгаж дууссаны дараа хичнээн хүн, хэдэн төгрөг илүү авсан тоо баримтыг гаргах шалгалтын ажил явагдана.
Стамфорд, Жи-Таймын хэрэг үйлдэгч этгээдүүд одоо хаана байгаа бол?
Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй ээ. Яагаад гэвэл хэргийн доторх асуудлыг ярих болбол прокурорын зөвшөөрөл авах хэрэгтэй болдог юм аа.
Иргэд энэ төрлийн залилангаас сэрэмжлэхийн тулд яах ёстой вэ?
Сүлжээний компаниудын үйл ажиллагаа жоохон өөрчлөгдөхөд л, иргэд өөрсдөө очиж мөнгөө өгч элсчихээд байна. Иргэд энэ төрлийн бизнесээс татгалзах ойлголттой байх хэрэгтэй. Сүлжээний талаас хийгдэх зар сурталчилгаа бол таныг хуурахын төлөө л явагдана. Тэд сүлжээнээс хүмүүс хожоод байгаа мэт сурталчилгааг явуулдаг. Байрны түлхүүр бариад ч юмуу сагсайсан мөнгө гаргаж ирээд уриалаад байхад хүнд хожно гэсэн сэдэл төрдөг. Түүнд нь хүмүүс автаад байгаа юм. Элсэн орсон хүмүүсийн 80 орчим хувь нь хохирогч болж, үлдсэн хувь нь хожсон болж таарч байгаа юм л даа. Энэ бодит нөхцөл байдлыг ойлгоод, татгалзах сэтгэхүйтэй байгаасаа, мөнгөө өгөхөө больчихвол энэ төрлийн гэмт хэрэг гарах нь буурна шүү дээ гэдгийг л хэлэх байна даа.
Ярилцсан Б.Энхтуул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ