Ж.Батзандан: С.Зоригийн хэргийг хаах байдлаар хууран мэхэлж байна

       УИХ-ыг өөрөө тарахыг шаардаж Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн асуудал болон сүүлийн үед УИХ-ын болон Засгийн газрын гишүүд албан тушаалын хэрэгт холбогдож байгаатай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Өнөөдөр АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцох боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан УИХ тарах шаардлагыг УИХ яаралтай хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэхээс нааш АН-ын бүлэг бүх зүйл хэвийн байгаа юм шиг дүр эсгэх шаардлагагүй гэж би үзэж байна.

       Олон түмэн бухимдалтай байна. УИХ-ын гишүүд асуудалд холбогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо яаралтай хуралдах ёстой. Миний хувьд УИХ-ын олон гишүүн асуудалд холбогдсон бол хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Мөн УИХ дотоод хяналтын байгууллагаа яаралтай хуралдуулж, дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн тавиад байгаа гол асуудал бол 2019 оны төсвийг батлахдаа УИХ-ын гишүүдэд мөнгө хуваарилах замаар гишүүдийн амыг барьсан явдал. Тиймээс төсвийн хуулийн асуудлаар УИХ өөрөө санаачилж, нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэдгийг УИХ-д хүргүүлж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зориг агсны гэмт хэргийг олон нийтэд нээлттэй зарлана гэж гарч ирсэн эрх баригчид С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа учир хэргийг хааж байна гэх хууран мэхлэлтийг хийж байна. Хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгаж болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ