Засгаараа тоглох уу, заазуурдаад “цэвэрших” үү

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй бол улс орон хөгжихгүй. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж, улс орноо ядуурлаас гаргана. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх иргэдээ дэмжиж, сан байгууллаа. Баярламаар, бахадмаар энэ бүх мэдээлэл, ухуулга эрх баригчидын цонхны цаанаас ард түмэндээ долоолгосон чихэр байсан нь илчлэгдэв.
Юун 60 тэрбум цаашаа байж бай гэхээс өөр аргагүй болж байна. Удахгүй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн тоо хагас зууг даваад талийж мэдэх нь. Хяналт тавьж шалгадаг Улсын Ерөнхий аудитор нь хүртэл гар хөлөө дүрсэн энэхүү сангийн зээлдэгчид цагаан сарын баярын золголтоор бүгд нэг гэрт цуглаж, ах дүүгээ мэдэлцдэг хамаатангууд болж хувирсаар.
Төрийн эрх мэдэлтэнүүдийн цагаан сарын баяраар нэгэндээ аархаж, баярхаж бэлэглэдэг гарын бэлэг шахуу болж хувирсан ЖДҮДС-ийн мөнгө жирийн иргэдэд бус төрийн мэдэлтэнүүд авгай хүүхэд, хамаатан, хамаарал бүхий этгээдүүддээ олгох шагнал байжээ. Улсын Ерөнхий аудитор, УИХ-ын гишүүн гээд шалгадаг нь авч, шалгуулдаг нь ч авсан энэхүү сангийн зүй бус үйлдлийг одоо хэн нь шалгаж, хэн нь хэндээ хариуцлага тооцохыг л харах үлдлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа авч үлдэхийн тулд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоо огцоруулсан ч хэд хэдэн сайд нь “хэрэглээний мөнгө”-өө тус сангаас авч байсан нь илчлэгдэв. Уг нь манай улсад хууль хэрэгждэг бол Эрүүгийн хуулийн 22.1-д эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хөрөнгөжих, өөрийн найз нөхөд, гэр бүлдээ давуу байдал олговол хорих ялаар шийтгэнэ гэсэн заалт бий. Хэрэв хуулиараа явбал юун засаг огцороод үлдэх, залагдсан сайд нар нь засан хүмүүжүүлэхэд залрах төөрөгтэй болж таараад байгаа.
Өчигдөрхөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концесс будилууллаа гээд огцоруулсны дэргэд харин ч том хэрэг сөхөгдөж, засгаараа тоглох уу, заазуурдаад “цэвэрших”- үү гэдэг сонголтын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирээд байна.
Өмнөх аягатай хоолоо барахгүй байж зарим нь бусдынхаа хоолноос халбагадаж байсан нь баригдав. Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй атлаа жижиг сангаас зээл авч оймсондоо нуусан айлын эхнэр хүртэл хаяг андуураад л гүйж явааг нь иргэд мэдэв. Манай тойрогт, намайг сонгосон иргэдэд ийм зээл хэрэгтэй байна гээд тойрогтоо, сонгоод явуулсан иргэдийнхээ төлөө зээл авсан хүн байна уу гээд судлаад үзсэн нэг ч алга.
Хүүгийнхээ, дүүгийнхээ, эхнэрийнхээ, аавынхаа компанийг зээл авч байхад мэдээгүй гэр бүлгүй, ах дүүгээ мэддэггүй хүмүүсийг УИХ-ын гишүүнээр сонгосон дүр зураг ч хөврөөд байх шиг. Сүүлдээ ЖДҮДС-аас зээл авсан хүмүүсийн дундаас эрхэм томчуудын нууц амрагийг ч төвөггүй олж болохоор болов.
Хамаарал бүхий этгээдүүдийн зарим нь авсан мөнгөө ББСБ-аар эргэлдүүлж ашиг олдог бол зарим нь банкинд хадгалуулж хүүг нь аваад хөлжиж суудаг мэдээлэл тархаж байна. “Сангийн зээлээр холбогдсон садан бүхий эрх мэдэлтэн, албан тушаалтангууд нь төр барьдаг улсыг Монгол гэнэ” гэж тодорхойлсон ч болохоор хэмжээнд тулаад байна.
Тиймээс ард иргэд минь ирэх цагаан сараар ЖДҮДС дээр уулзаж, төрийн түшээдтэйгээ золгоцгооё
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ