ЖДҮ-ийн зээл авсан Ерөнхий аудитор, прокурорын орлогчоосоо эхэлж салцгаая

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг тойргийнхоо гишүүдэд хөөцөлдөөд аваад өгчихсөн эрхэм тодорвол ардын баатар болох авч, миний сонгогдсон тойргийн ЖДҮ эрхлэгчдийг хамруулж өгнө үү гэх албан бичиг өгчихөөд, өөрөө зээл аваагүй нэг ч эрхэм тодорсонгүй. Төр барьж буй эрхмүүдийн тэнцүүхэн авсан 950 сая төгрөгийн хуваарилалт, бас дээрээс нь Ерөнхий аудитор, прокурорын орлогчийг оролцуулсан байдал нь ,бүлэглэн хуйвалдсан шинжтэй гэдгийг батлаад өгчихлөө. Тэрбумтан нэг даргын авсан 950 сая төгрөгийг 10 аж ахуйн нэгжид өгвөл 95 сая төгрөг,100 аж ахуйн нэгжид хүртээвэл 9 сая 500 мянган төгрөг болж байна.
ЖДҮ-ийн санг хамаарч ажилладаг, салбарын сайдтай хариуцлага тооцох улс төрийн шийдвэрийг МАН-аас гаргасан. Тэгвэл Ж.Мөнхбат нарын гишүүд Ерөнхий аудиторт хариуцлага тооцох асуудлыг бүлгийн хуралдааны үеэр тавьсан гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн. Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК ЖДҮХС-аас зээл авсан нь нэгэнт тодорхой болчихсон. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын компани ЖДҮХС-аас зээл авсан талаарх баримт дэлгэгдээд байгаа.
Тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авчихсан байгаа нь энэ ёс зүйгүй үйлдлийг улам бүр зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй харагдуулж байгаа нь үнэн. Эхлээд тэдэнд хариуцлага тооцчихвол ядаж муу дээрээ муухай, муухай дээрээ улцан харагдах нь багасах биз.
Төрийн аудит улстөрөөс хамааралтай байна гэж ярьж суусан Д.Хүрэлбаатар гэх нөхөр харин ч өөрөө жинхэнэ улстөрждөг, хулгайч хулгайчийг бариараа гэдэг шиг үг үйлдэлийн зөрүүтэй нэгэн байжээ. ЖДҮ-ийн зээлийг залгигчдын нэг болоод байгаа түүнд Ерөнхий аудитороор ажиллах эрх даанч байхгүй нь тодорхой. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар нийслэлийн Прокурорын газар хэрэг бүртгэл нээж, шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн бөгөөд прокуророос цаашид хянаад явах юм байна. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар гэдэг нөхөр өөрийнхөө 100 хувийн эзэмшлийн "Цаст согоот" ХХК -наараа ЖДҮ-ийн зээл авсан талаар баримт дэлгэгдээд байгаа.
Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээр ахлуулсан Прокурор шударгаар хяналт тавьж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Бас олон түмнээ ЖДҮ-ийн хэмээн алдаршиж байгаа Ерөнхий аудитортой байж байдаг. Төрийн сайд хүртэл ажлаа өгч эхлээд байхад, түмний нүдэн дээр төмсөгдүүлчихээд байгаа энэ мэт нөхдөөсөө эхэлж салахгүй бол 60 тэрбум цаашаа, ЖДҮ-ийн хэрэг наашаа л болох нь дээ.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ