Чингэлтэй дүүргийн Дипломат 95 байрны арын газрыг чөлөөллөө

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны Дипломат 95 байрны ар талд ухаж, 10 гаруй жил болсон газрыг чөлөөлж, нүхийг нь шороогоор дүүргэж тэгшилсэн байна. 


Барилга барилгүй 10 гаруй жил хашаатай байсан энэ газар 5-р сургуулиас Баянбүрд рүү том машин зөрөх боломжгүй, нарийхан мушгиралдсан автозам байдаг билээ. 


Тус хорооны Засаг дарга С.Отгонсүрэнгээс энэ талаар тодруулахад "Энэ нь барилга барих гээд ухаад олон жил орхисон эрсдэлтэй газар байсан. Дипломат корпусын аж ахуйд харьяалагддаг газар гэсэн. Манай хороо болон дүүргээс тус байгууллагад удаа дараа бичиг явуулж байлаа. Ингээд Нийслэлийн газрын албанд танилцуулсан. 


Одоо нийслэл даяар газар чөлөөлөх ажил явагдаж байна. Тэр ажлын хүрээнд энэ газрыг чөлөөлсөн. Харин тухайн хариуцсан хүнээс газрыг нь цуцалсан эсэх талаар мэдээлэл аваагүй байна" гэлээ.


Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Автозамыг зохих хэмжээнд өргөтгөж, чөлөөлүүлсэн энэ газар дээр ногоон байгууламж, иргэдийн амралтын талбай байгуулахаар ажиллаж байна" гэжээ..

СЭТГЭГДЭЛ БИЧИХ