Т.Гантөмөр: Хотын гэрэлтүүлгийг унтраах, асаах цагийг улирлын нөхцөлд тохируулан өөрчилнө

Нийслэлийн гэр хороолол гэрэлтүүлэг муутайгаас үүдэн иргэд гэмт хэрэгт өртдөг. Тйимээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Тодруулбал, Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол доторх туслах зам, гэр хорооллын гудамжны асдаггүй гэрлийн шон, гэрэлтүүлгүүдийг 12 дугаар сарын 1 гэхэд 100 хувь ажилладаг болгох зорилт тавьжээ. Эхний ээлжинд иргэдээс дуудлага мэдээлэл авч асахгүй, ажиллахгүй байгаа гэрлийн шонг бүртгэлжүүлж байгаа юм байна.
Энэ талаар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад, ""Гэрэлтэй хот"
аяны хүрээнд хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчилнө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн бригадуудтай гэрлийн засвар үйлчилгээг газар дээр нь очиж хийх юм. Ирэх арванхоёрдугаар дугаар сарын 1 гэхэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байгаа 61,070 гэрлийн 1,600 гэрлийн шонд засвар үйлчилгээ хийж асаах юм. Төв зургаан дүүргийн гэр хорооллын гудамж замд 31,643 гэрлийн шон, 35 мянга орчим гэрэлтүүлэг байгаагаас асахгүй байгаа 742 гэрэлтүүлгийн шон толгойг солих ажил хийгдэнэ. Мөн эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болгох талаар санал гаргаж танилцуулна" гэв.
Дашрамд сонирхуулахад, Өнөөдрийн байдлаар Нийслэлд 61070 гэрэлтүүлгийн шон байгаа юм. Эдгээ шонгууд 97 хувийн асалттай байгаа юм байна. Гэрэлтүүлэг бүрэн асалтгүй байгаа нэг шалтгаан нь улсын болон гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр зам тавихдаа гэрэлтүүлгийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлдэг нь баталгаат хугацаанд нь гэрэлтүүлгийг хариуцах эзэн байдаггүйг албаныхан ярьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ