Байнгын хороо Ч.Улааныг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдтэй хэзээ хариуцлага тооцох тухай тодруулж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар хийсэн тайлбартаа, ЖДҮ-ийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, энэ асуудлыг замхруулалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. УИХ-ын гишүүн А.Сүхбат нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж, мал аж ахуйн салбарын талаар ямар ажил хийхээр төлөвлөж буйг тодруулав. УИХ-ын гишүүн Ч.Улаан, эрх зүйн зохицуулалт хийх чухал хуулиуд батлагдсан болохыг дурдаж, харин зохион байгуулалтын хувьд салбарын хүмүүстэй нягт ажиллахыг тэмдэглэлээ.
Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Ч. Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн дэмжлэг авлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ