Элэг шилжүүлэн суулгах 60 дахь удаагийн мэс засал амжилттай болов

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах 60 дахь удаагийн мэс заслын ажлыг амжилттай хийлээ.

Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан 2011 онд анх БНСУ-ын Асан төвтэй хамтарч мэс засал хийж эхэлсэн билээ. Үүнээс хойшхи 60 дахь элэг шилжүүлэн суулгах мэс засал энэ сарын 16-ны өглөөний 7.00 цагт эхэлж 23 цагт дуусчээ.

Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор  О.Сэргэлэн хэлэхдээ, “Энэ удаа 45 настай эмэгтэйд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Хамаатны дүү нь донор боллоо. Манай баг эмч, сувилагч 35 хүний бүрэлдэхүүнтэй. ажиллалаа. Хагалгааны явцад лифт, инженер техникийн алба, эмийн сан, эм зүйч гээд нийт 60 гаруй хүн ажилласан. Энэ онд нийт 24 хагалгаа хийхээр төлөвлөснөөс одоо дөрвөн мэс заслын ажил дутуу байна. Бидний хагалгаа хийсэн бүх хүмүүс бидэнтэй холбоотой байдаг. Яагаад гэвэл байнга хяналтад байдаг учир сар бүр ирж хяналтад орно, эмийн тунгаа үзүүлнэ. Ер нь салж хагацаж чадахгүй ах дүү хамаатан садан болдог доо” гэсэн юм.

Тус багийнхан элэг шилжүүлэн суулгах 61 дэх мэс заслыг энэ сарын 23-нд хийхээр бэлтгэл ажлаа  бүрэн хангаад байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ