Эмч нар ёс зүйн сургалтад хамрагдаж байна

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж  буй “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудал хөндөгдөн, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан. Учир нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбоотой үүсэх зөрчил, шинээр гарсан болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудын талаарх мэдлэгийг олгосноор ёс зүйн болон эрх зүйн зөрчлийн тохиолдолын тоо буурна гэж үздэг.

Үүнтэй холбоотойгоор анагаах ухааны эрх зүйн үндсэн ойлголт, эрх зүйн харилцааны онцлог, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба эрх зүйн зохицуулалт, ёс зүйн ба эрх зүйн зөрчил, мэргэжлийн алдаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  “Анагаах ухааны эрх зүй ба ёс зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтын нээлтийг өнөөдөр хийж эхний сургалтаа ГССҮТ, ЭХЭМҮТ-өөс эхлүүлжээ. Сургалтанд 500 орчим эмч, мэргэжилтэн хамрагдаж байгаа юм байна. Цаашид уг сургалтыг  УНТЭ, УГТЭ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа амаржих газруудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд заахаар төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад эмч, эмнэлгийн мэргэжилтний болон үйлчлүүлэгчийн  эрх зөрчигдөхөөс сэргийлэхийн тулд ёс зүйтэй, эрх зүйн мэдлэгтэй байх чухал болох нь харагдсаар байна. Тиймээс ёсзүй, эрхзүйн мэдлэгийг цогцоор нь харилцан уялдаатайгаар олгох сургалтыг ажлын байран дээр нь үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байна. Мөн энэхүү сургалтаа хамгийн эмзэг үйлчлүүлэгчидтэй харьцдаг ГССҮТ, ЭХЭМҮТ эмнэлгүүдээс эхлүүлж байна” гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ