У. Хүрэлсүхийн Засгийн газрыг Ерөнхийлөгч аврахуу?, аль эсвэл...

     Дотроо хагаралтай хэвээр явсан МАН-ыхан 60тэрбумд дарлуулж, ЖДҮ-д жиндүүлж, баларсан гэхэд багадхаар "балайрч" байна.   УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод мэдүүлснээр У.Хүрэлсүхийн Ардын засгийн хувь заяа Ардчилсан намын, бас Ерөнхийлөгчийн байр суурьт  шилжлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүний кноп дээр С.Жавхлан, О.Баасанхүү нар хэний талд шийдвэр гаргахаас У.Хүрэлсүх Засгийн газраа үлдээж чадах уу, эсвэл унах уу гэдэг хамаарна гэсэн үг хэмээн хэвлэлүүд ч хэлж байна.

    Засгийн газрыг огцруулах асуудал дээр Ардчилсан намын бүлгийн гишүүдийн  байр суурь нэгдэж, яв цав болсон нь юу л бол? Учир нь Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бүлгийн гишүүдээ хайрцаглах гэж оролдлоо гэхэд, АН-ын бүлэг дотор Ерөнхийлөгчийн байр суурийг хардаг хэд хэдэн гишүүд байдаг нь нууц биш. Тиймээс ч АН-ынханы ойрын үеийн мэдэгдэлүүд ихэд тодорхойгүй байгаа мэт анзаарагдсан. Жишээ нь Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжинэ, Ардын намынхан энэ асуудлаа өөрсдөө шийд гэх мэт зарчмын зөрүүтэй байр сууриуд харагдаж л байсан. Ингэхэд эрхэм Ерөнхийлөгч маань У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал дээр ямар байр суурьтай байгаа нь бас л тодорхойгүй байна. Өөрөөр хэлвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг шийдэх гол судсыг барьж эхэлсэн АН-ын бүлгийн  гишүүдийн заримд нь захиж өгөх эсэх нь эргэлзээтэй юм. Улс төрчид ихэвчлэн эрх ашиг, тохиролцоог тоглоомын дүрмээ болгодог тул захиж хэлээд л болчихдог зүйл ч бас биш. Засгийн газар огцорлоо гэхэд Ерөнхийлөгч хориг тавих  боломж ч  бий. Ямартай ч АН-ын бүлгийн гишүүдийн байр суурь энэ засгийн хувь заяаг шийдэх нь үнэн. Бас дээр нь Ерөнхийлөгч ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дөрөө харшуулж, том утгаараа  нэг зүгт явж чадах хүн мөн эсэхийг өнгөрсөн хугацаанд таньж авсан нь лав. АН дээр нэмэх нь Ерөнхийлөгч, У.Хүрэлсүхийг огцруулж, шударга бусын өвдөлтийг түүнд илүү ихээр мэдрүүлэхүү, эс бөгөөс аварч, У.Хүрэлсүхийг улс төрийн цэвэрлэгээнд ашиглахуу гэдэгийг харах л үлдлээ.

Д.Оюу



СЭТГЭГДЭЛ БИЧИХ