Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорилоо

“Сахиусан тэнгэрийн аялал- Монголд” төслийн хоёрдугаар ээлжийн эхний 28 хүүхэд  өнөөдөр /11.21/ Бээжин хотыг зорилоо.


Уг төслийг Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Улаан загалмайн сангийн хамтын ажиллагааны хүрээнд 100 төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хагалгаанд оруулж, эмчлэх сангаас хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.


Энэ хүүхдүүдийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас гаргаж өгсөн бөгөөд мэс засалд орох хүүхэд болон эцэг, эхийн аль нэгний асран хамгаалагчийн онгоцны зардлыг “Эйр чайна компани”  50 хувь хөнгөлж өгсөн байна. Энэ хүүхдүүдийн хамгийн бага нь 5 сартай, хамгийн том нь Хэнтий аймгийн Борнуураас ирсэн 9 дүгээр ангийн охин байлаа. Бүгд л ямар нэгэн зовиуртай эмнэлгийн хяналтад төрсөн цагаасаа хойш явж буй хүүхдүүд юм.  Тэд бол хагалгааны зардлаа төлөх боломжгүй эсвэл хагалгаа хийх эрсдэлийг даахад эргэлзээтэй хүүхдүүд байлаа. 


Харин  Анжень эмнэлгийн зүрхний мэс заслын туршлагатай эмч нар өөрсдөө ирж үзлэг хийж хүүхдүүдээ сонгосон билээ. Тиймээс хагалгаа хийгээд эдгэх боломжтой гэсэн хүүхдүүдийг сонгожээ. Эмч  нар “хагалгаа амжилттай болно, бид сонголоо. Хүүхэд чинь бүрэн эдгэрнэ” гэсэн хариуг авсан эцэг, эхчүүдийн итгэлийн найдвар сэргэж, баяр хөөрөөр дүүрэн аян замдаа мордож байна.


Тэдний дотор 8 настай Х.Маралмаа, ээж Ц.Үрэлмаагийнхаа хамт явж байгаа. Охин өнгөрсөн хугацаанд бүхий л сайн гэсэн эмч, эмнэлэгт үзүүлсэн байна. Гэвч зүрхний донор олохоос өөр эмчилгээ байхгүй гэсэн хариу авдаг байжээ. Харин жилийн өмнөхөн Монголд ирсэн Энэхтхэг эмч нарт үзүүлэхэд донорын шаардлага байхгүй, хагалгаанд орох боломжтой гэсэн хариу авсан байна. Гэвч хагалгаа хийхэд эрсдэлтэй байж болзошгүй, охиноо өвчтэй ч гэсэн хараад явж байя гээд хагалгаа хийхийг урьтал болгоогүй гэнэ. Гэвч охины  амь нас дээсэн дөрөөн дээр буй учир санаа зовсон эцэг эх энэхүү төслийн үйл ажиллагааг сонсоод МУЗН-д ирж БНХАУ-ын эмч нарт үзүүлсэн байна. Эмч нар охин чинь эдгэнэ, хагалгаа хийхэд асуудалгүй гэсэн итгэлтэй үгийг сонсоод ихэд баярлажээ. Маралмаа охин: “Ээжээ би унтаад сэрээд л эв эрүүл болно” гэсэн үгийг сонссон  эхэд итгэл найдвар төрж, ийнхүү охиноо эрүүл саруул болгоод ирнэ гэсэн бүрэн итгэлтэй Бээжин хотыг зорьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ