Шалгалтаар явж байсан ЗГХЭГ, Сангийн яамны ажилчид хөдөө орон нутагт осолджээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албан хаагчдыг атестатчилах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж, 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны энэхүү шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм.

Тэгвэл, шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид өчигдөр шөнө буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолд оржээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодруулахад, "Осол болсон нь үнэн. Завхан аймгийн Тосонцэнгэлээс 130-аад км-ын зайд солонготын давааны өвөрт 20.30 ын цагийн үед Ланд-200 автомашин гүүрний далангийн эрэг мөргөөд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Одоогоор эмэгтэй нь ухаан ороогүй байна" гэв

Энэ талаар бид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Чойжамцтай холбогдлоо. Тэрээр, "Осол болсон нь үнэн. Өнөөдөр өглөө 8.40 цагт Улаанбаатараас өвчтөнүүдийг авч явахаар нисдэг тэрэг ирсэн. Одоо Цахир сумын төвд байна. Ланд-200 автомашинд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Дугуй нь буудсан учраас осолдлоо гэж хэлж байна лээ. Ослын шалтгааныг замын цагдаагийн албаныхан өгөх байх аа. Гурав нь нэлээд хүнд бэртсэн. Аминаас холуур гэж гэмтэл" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ