Нам нам л гэнэ нам хаа байна,төр төр л гэнэ төр хаа байна?

Нам гэдэг дагасан хүндээ ээлтэй, даргын нөмөртэй байсан өдрүүдийг сүүдэр бүрхэх болов. Нам дагагсад нэгнийхээ сүүдрийг улам томруулж, нийгэмд тэрхүү сүүдэр нь томрон тусах тусам сүүдрээс зугтагсад ч бий болов.

            Улстөрийн намуудын нэр хүнд унах тусам УИХ-ын гишүүд  хувийн тоглолт хийж, өөр, өөрсдийн эрх ашгийг хамгаалсан алхам хийх боллоо. УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн санаачилгыг УИХ-ын чуулган дотроосоо Ж.Мөнхбат гишүүнээс эхлэн зөрүүдлэнгээ дэмжиж гүйх болов. Түүнээс гадна УИХ-ын даргыг огцортол хуралдаанд суухаас дөч гаруй гишүүн татгалзан мэдэгдэл хийсэн нь тааварлаагүй гэнэтийн алхам болж,улс төрчид ч учраа олохоо болилоо.

            АН төдийгүй эрх барьж буй МАН-ын хувьд ч дотоод хагарал нь гүнзгийрч, бизнесийн бүлэглэлүүдийн дүр төрх нийгэмд улам тодрон харагдах болов. Ямар компани, бизнесийн бүлэглэл хэний ард байдаг хийгээд хэний эрх ашгийн төлөө гишүүд товчлуур дардагаа илчилсэн өдрүүд удахгүй эхлэх нь тодорхой болоод байна. Хэн нь түрүүлж хөдлөнө тэр нь хожино гэсэн уриа ч сонсогдох болов.

            УИХ нь гишүүдээ захирч чадахаа байж ард түмний төлөөллүүд ард түмнээ мартан өөрөө, өөрийгөө төлөөлж эхлэв. Засгийн газар нь ирэх оны төсвөө мартан улс төрийн маргаанд татагдан орж, сайд нарын хэн нь хаана, юу хийж яваа нь мэдэгдэхгүй, ямар байр суурьтай байгаа нь тодорхой биш болсоор удлаа. Танхимаасаа хариуцлага хүлээн огцорсон сайд хийгээд танхим дотроо ажиллаж буй сайд нар Засгийн газрыг огцоруулах бичигт гарын үсэг зурсан нь Жанжин Сүхийн байгуулсан намыг Хүрэлсүхдэн унагах шалтаг болж мэдэхээр байдалд хүргээд байна.

            Иймэрхүү улстөрийн хийрхэл, маргаан хаяахан цухалздаг байсан хэдий  ч өнөөдрийн хэмжээнд хүрч хурцдаж байсан нь үгүй. Энэ байдал даамжирч, улс орон төргүй, засаггүй, төсөвгүй болж, удвал тэмцлийн өнгө хувирч улбар шараас улаан болж, харын зуд нүүрлэх гээд байгаа өвлийн хүйтнийг улстөрийн зудаар түүчээлж магадгүй болоод байна.

Энэ нь эдийн засгийн хувьд хараат, хоёр том хөрштэй манай улсын хувьд тийм ч хүсүүштэй хувирал биш. Харин ЖДҮ-д хийгээд ЖДҮ-д холбогдсон хүмүүст яаралтай, хуулийн дагуу арга хэмжээ авч, нийгэмд үүсээд байгаа бухимдалыг намжаах, намуудын хагаралыг нийгэмд нялзаахгүйгээр шийдэх гарцыг олох нь хаана, хаанаа чухал болоод байна.

Хоёр хулгана зодолдвол гэрээ нураадаг, хоёр луу зодолвол тэнгэр нураадаг гэсэн үг бий. Хулгай хийсэн хийгээд, хулгай хийхээр завдагсадаасаа төр хэр хурдан сална, тэр хэмжээгээр цэвэршинэ, хүчирхэгжинэ. Харин хулгай хийсэн, хийгээгүй хэмээн нэгнээ өмгөөлж, хоорондоо зодолдох тусам намаа бүү хэл улсаа нураах хэмжээнд хүрч мэдэхээр болоод байгааг төрд зүтгэж буй эрхэмүүд анзаарахгүй байгаа гэхэд итгэмгүй.

Төр хүчгүй болох тусам хувь хүний амбиц, эрх ашгийн сонирхол идэвхижиж, төрийг төлөөлж нийгэмд өөрийн байр суурийг тулгах хэмжээнд өсдөг. Хувь хүний ашиг сонирхолоор хөтлөгдсөн төр хэвээр хадгалагдах эсэх нь өнөөдрийн маргааны үүтгэл гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдал үүсээд байна. Улстөрчидийн ард нуугдсан бизнес бүлэглэлүүдийн хаанчлал ч улам бүр тодроод эхлэх шиг. Нам нам л гэнэ,нам хаа байна. Төр төр л гэнэ төр хаа байна?

Түүнээс гадна хүчгүй төр, иргэдийн итгэл алдарсан хуулийн байгууллагууд, хулгай нүүрлэсэн төрийн харалган шийдвэрүүдийг эцэслэх үү, энэ хэвээр нь хадгалж үлдэх үү гэсэн маргаан ил цагаандаа гарч, энэхүү зөрчил нь дээд цэгтээ хүрэв. Дуншсан, хэл амаар уралдсан шийдвэргүй байдлыг эцэслэхийг ард түмэн хүсч байна.

Их салхи түрхрэн хөдөлвөл хөдөлтүгэй хэмээх  их зохиолчийн гэрээсийг салхич шувуун Монголын цаст талаар дуулан нисэх өдрүүд ирж байгаа хэмээн итгэгсэд, шударга үнэнийг хүлээж байна. Үнэний талд, хуулийн дор тэгш амьдрах нийгэм хаанаас эхэлж зам хазайсныг хайх, бас ирэх өдрүүдийн замыг хэн, хэрхэн тэгшлэх нь чухал байна. Төргүй, намгүй, төсөвгүй, хууль хэрэгждэггүй шударга бусаар дүүрэн өдрүүдийг халж, төр шиг төртэй, нам шиг намтай, хууль нь хэрэгждэг, шударга шүүхтэй өдрүүд  ирэх болтугай.

Д.Оюу

     

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ