М.Энхболд , У.Хүрэлсүх нарыг огцруулж , "Хамжлагат ёс"-ыг халахуу ?


      Одоогоос 94 жилийн өмнөх тэр өдөр Хаант засаглал, хамжлагат ёсыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж,  анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй гэдэг билээ. Өчигдөрхөн тэмдэглэсэн Улс тунхагласны баярын өдрөөс урьтаж манай улс төрчид сүүлчийн мэт сумаа, үгийн зэвээр хучин харваж амжив. МАН-ын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх “ Тэр 60 тэрбумын ярианд М.Энхболд орoлцсон нь үнэн шүү. Бас хотын дарга байхдаа газар зарж байсан нь ч үнэн “ хэмээн хамжлагат ёс одоо ч байгаа юмуу гэж бодохоор баримтыг улам бүр баталгаажуулан  хэлсэн бол, УИХ-ын дарга М.Энхболд “ 60 тэрбумыг удаа дараа шалгалаа, дахиад ч шалгаж л байна. Газар олгож явсанаас газар зарж явсангүй ,харин У.Хүрэлсүхэд төрийн ордны ар талд газар өгч байсан. Түүн дээрээ юм барьж зарчихаад андуураад яриад байгаа юм боловуу” хэмээн бас л хамжлагын үеийн дүр зургийг санагдуулам хариу хэллээ. Төр барьж буй энэ хоёр эрхэм Сүх жанжны хөшөөнд цэцэг өргөж алхав. Нэг нэгнээ өргөсөн дээр гишгүүлж ,бараг өргөстэй торны цаана суулгачих гээд байгаа хоёр эрхэм цэцэгтэй, өргөстэй улс төрийн замд хар залуугаасаа хамт зүтгэсэн найзууд гэх. Улс төрчдийн талцалд гарц харагдахгүй байгаа энэ үед эвлэрэхээс өөр арга зам даан ч алга. М.Энхболдын холбоотой гэх 60 тэрбум, У.Хүрэлсүхийн сайдууд холбогдсон ЖДҮ-ийн хулгай гээд аль алинд нь хамжлагын үеийн бурангуй шинж чанар агуулагдаж буй тул эс бөгөөс хоёулаа огцрох нэгэн гарц байна.  20-р зууны эхээр хамжлагат бурангуй ёсыг халж чадсан  Монголчуудын үр сад, 20 онд та нараас салахад тийм ч их хүч зарцуулахгүй л боловуу?  Ямар ч атугай эвлэрлээ гэхэд энэ ичгүүртэй, халагдсан баларсан хамжлагын үеийн юм шиг гэмт үйлдлүүдэд холбогдсон хүмүүстэй хариуцлага тооц. Өөрсдийгөө холбоогүй гэдгээ бас дээр нь нотол.Эс бөгөөс аль алиныг нь огцруулж, орчин цагийн хамжлага мэт бурангуй ёсыг халсугай

 Д.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ