Р.Дагва: Ерөнхий сайдыг хүлээгээд хотын даргын асуудлыг хойшлуулаад байна

Өнөөдөр 14.00 цагт товлогдсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан одоо л эхлэх гэж байна. Хуралдаанаар Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. МАН-ын Удирдах зөвлөлаас Хотын дарга С.Батболдыг хариуцсан ажлаа хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр огцруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар 15 хоногт багтаан хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Хуулийн хугацаа өнөөдрөөр дуусч байгаа.
14.00 цагт эхлэх товтой байсан хуралдаан эхэлж чадалгүй 17.00 цаг хүргэж буй нь НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн тавьсан шаардлагатай холбоотой. Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж хотын даргыг огцруулах үндэслэлээ тайлбарлахыг шаардсан юм. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хуралдаанд урьсан ч Засгийн газрыг огцруулах асуудлаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа учир ирэх боломжгүй байгаа юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Р.Дагваас тодрууллаа.
- НИТХ-ийн хуралдаан хуралдаж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
- Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн биеэр ирж Хотын даргыг огцруулах үндэслэлийг тайлбарлах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл яг одоо Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Тэр хуралд Ерөнхий сайд оролцож байгаа.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх энд ирж хуралдаанд оролцох эсэхээр хариу ирүүлсэн үү?
- Ардчилсан намын бүлгийнхэн Ерөнхий сайдыг заавал өөрийн биеэр ир гэж байгаа. Асуудал хуулийн хугацаатай. Ерөнхий сайд ирэх байх гэж бодож байна. Яасан ч өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргана.
- МАН-ын бүлэг Хотын даргыг огцруулах асуудлаар байр, сууриа нэгтгэсэн юм уу?
- Байр, сууриа нэгтгээгүй. Манай бүлгийн гишүүд хуралдаанд орж өөр, өөрийн байр, суурийг илэрхийлэх байх. Дээд шатны даргаас бичиг ирсэн учраас авч хэлэлцэх ёстой л гэсэн байр, суурьтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ