НИТХ дахь АН-ын бүлэг дахин долоо хоногийн завсарлага авлаа

Хотын дарга Су.Батболдыг огцруулах, эсэх асуудлыг НИТХ хэлэлцлээ.
Хурлын эхэнд НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Бид Ерөнхий сайдыг ирэхийг шаардсан учир нь иргэдээ аз жаргалтай болгоно гэж сонгогдсон МАН-ын доторх хагарал улс орныг шинэ мөргөлдөөн рүү, магадгүй шинэ 7 сарын нэгэн рүү түлхэх аюулд хүргэж байна. Ерөнхий сайдыг иртэл манай бүлэг завсарлага авна. Ерөнхий сайд хэдийд ирэх бололцоотой вэ гэдгийг би асууя. Ерөнхий сайдыг төлөөлж байгаа Бямбасүрэнгээс асууя. Ерөнхий сайд хэзээ ирэх вэ. Иргэдийн хурал дээр Ерөнхий сайд хэзээ ирэхийг мэдэхгүй гэж хэлдэг төлөөлөгч гэж байх уу. Ингэж хүн төлөөлдөггүй юм" гэлээ.
Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан "Намын бүлгүүдийн завсарлага авах эрх нээлттэй. Тиймээс хуулийн хугацаандаа тооцогдоно. Улстөрийн намын бүлэг дотооддоо асуудлаа шийдвэрлэх, мөн Ерөнхий сайд ирэх эсэх хугацааг тодруулах шаардлагатай байлаа. Ингээд АН-ын бүлэгт 7 хоногийн завсарлага өгсөн. Ерөнхий сайд ирсэн, ирээгүй асуудал шийдэгдээд явах ёстой. Дахин завсарлага өгөхгүй" гэв.
Ийнхүү Хотын дарга Су.Батболдыг огцруулах, эсэх асуудлыг шийдэх НИТХ ирэх сарын 4 хүртэл завсарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ