Ерөнхий сайд нүүрсний тээврийн компаниудад жолооч нарын цалинг нэмэх шаардлага хүргүүлэв

Нүүрсний экспортын дийлэнх хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганц модны боомтын тээвэр сүүлийн 20 гаруй хоног зогсож, 7000 орчим машин 137 километрт түгжрээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд урт тээврийг цуцалж, урт-богино болгох шийдвэр гаргалаа.

Тодруулбал жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад богино эргэлтээр буцах юм. Ингэснээр олон хоногоор түгжрэл үүсгэхээргүй болж байна. Мөн хуралдаанаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт дээрх чиглэлд явж буй жолооч нарын орчин, эрүүл мэндэд анхаарахыг үүрэг болгов.Төмөр зам, авто замын ажлыг яаралтай өрнүүлэх, дээрх чиглэлд 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолбор байгуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах талаар чиглэл өгчээ. 

Дашрамд дурдахад Засгийн газрын тэргүүн нүүрсний тээврийн 160 компанид жолооч нарын цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлээд байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар тус чиглэлд тээврийн хэрэгслийн цуваа, дараалалгүй болсон бөгөөд тээврийн хэрэгслүүдийг Гаалийн хяналтын бүсүүд болон задгай талбайд бүрэн байршуулж дуусаад байгааг  Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ