Баасан гаригт Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлыг ҮХЦ хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр буюу нөгөөдөр болно. Нэр бүхий иргэд  Үндсэн хуулийн цэцэд хандаж,  УИХ нь 2018 оны 62 дугаар тогтоолоор УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Энэхүү дүгнэлтийг УИХ хүлээн авч хэлэлцэж улмаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргасан. Иймээс Үндсэн хуулийн цэцийн Их суудлын нөгөөдрийн хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ