Согтуугаар жолоо барьсан 75 жолоочид хариуцлага тооцжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2018.11.24,25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 574 дуудлага мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 407 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирч 1 хүн гэмтсэн ба нийслэл хотод 1 хүний амь нас хохирч 17 хүн гэмтэж бэртсэн бөгөөд ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 10, онхолдох хэлбэрээр 3 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол тус тус бүртгэгджээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Хөх хошуу” гэх газар шороон замд T.Landcruiser-80 маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын 3 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэрэг болон ЧД-ийн нутаг Зуслангийн замд T.Wingroad маркийн автомашин онхолдож зорчигч нарын 2 хүн гэмтсэн хэргийг тус тус харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм байна.
Өчигдөрөөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсч байгаа тул хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй байдлаа ханган хурдыг зөв тохируулах, хамгаалах хэрэгсэл тогтмол хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.
Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалтаар 75 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж хариуцлага тооцон ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ