Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдөр, маргааш цаг агаар муудаж, хүчтэй цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Ойрын өдрүүдэд цаг агаарын эрс өөрчлөлт болох гэж байна. Гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна. 2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, нэгний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүйтэрч баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна” гэв.

Мөн малчдыг малаа хол бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, онцын шаардлагагүй хол замд гарахгүй байхыг анхааруулж байна. 

Урд шөнө Баян-өлгий, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан тул нутгуудаас гарах замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ