Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 3, 6-нд зарим газраар ялимгүй цас, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ