Он гарсаар 26 иргэний эцэг, эх байх эрхийг хязгаарлажээ

Сүүлийн үед цахим орчинд архи хэтрүүлэн тасарсан, хажууд нь балчир үр нь сэрээхээр оролдож байгаа зураг олны дургүйцлийг хүргэсэн. Энэ мэтчилэн төрүүлсэн хүүхдийнхээ өмнө эцэг эхийнхээ үүргийг умартаж, үл тоох, хүчирхийлэх байдлаар аюулгүй амьдрах эрхийг нь зөрчиж байгаа эцэг эхчүүдэд хамгийн сүүлийн шатны арга хэмжээг тооцдог байна. Энэ бол эцэг эх байх эрхийг нь хасах. 2017 онд 22 иргэний эцэг эх байх эрхийг хязгаарласан байна. Харин энэ жилийн хувьд 26 иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлажээ.
ГБХЗГ-ын ХЭЗХАГ-ын дарга А.Энхбаатар "Эцэг эх байх эрхийг хязгаарлах саналыг шүүх эцэслэн шийддэг.Шүүхэд эрх олгогдсон байгууллагууд санал гаргадаг. Манайд ихэвчлэн иргэний хэргийн шүүхүүд энэхүү хүсэлтийг эрүүгийн хэрэгтэй хамтатгаад гаргаад явж байгаа. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол зөрчлийн хэргийг давтан ноцтой байдлаар үйлдсэн, даамжирч байгаа ялангуяа гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн үйлдлүүд дээр хүүхдийн эрхийн байцаагч эцэг эх байх эрхийг нь хасуулья гэсэн хүсэлт шүүхэд гаргадаг" гэв.
Эцэг эх байх эрхийг нь хязгаарлах, хасах нь тухайн хүүхдийг гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалах сүүлийн арга хэмжээ гэж хэлж болно. Эцэг эхийн эрхээ хязгаарлуулсан бол 6 сарын дараа эрх нь сэргэдэг, харин хассан бол дахин сэргээх боломжгүй гэнэ.
"Эцэг эх байх эрхийг нь хассан тохиолдолд тухайн хүүхдийг асран халамжлах ойр дотнын хүмүүсийг нь судлан холбон зуучилдаг. Мөн асран, халамжийн төв рүү түр хугацаагаар холбон зуучлах үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа" хэмээх мэдээллийг ГБХЗХГ-ын мэргэжилтэн М.Отгонгэрэл өглөө.
Гэр бүл хүүхэд , залуучуудын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр сүүлийн үед эцэг эх байр эрхээ хасуулах, эсвэл хязгаарлуулж байгаа иргэдийн тоо өссөн байна. Үүний суурь шалтгаан нь гэр бүл төлөвлөлт, эцэг эх байх үүргээ ухамсарлахгүй байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ