О.Эрдэнэбулган батлан даалтаар гарчээ

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дарга нарыг АТГ-аас цагдан хорьдог. Харин прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүхээс хүсэлтийг хангаж үргэлжлүүлэн хорих, суллах эсэхээ шийддэг юм.
Сүүлийн үед экс сайдууд хоригдоод суллагддаг болов. Олон нийт хорьсон юм бол хорьсон чигээр нь байлгаж байгаад шүүх хурлыг нь хийх ёстой гэж үзэж буй. Гэвч хуулийн байгууллагаас цагдан хориод батлан даалтад гаргачих юм бол хорьж яадаг юм бэ.
Тухайлбал, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг ураны лиценз наймаалцсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч сар хорих шийдвэрийг гаргасан талаар хоёр хоногийн өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл тэрбээр өчигдөр/12.04/ батлан даалтад гарсан байна. Энэ талаар дээрх шүүхийн эх сурвалжаас тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих санал ирүүлсэнийг 2018 оны 11 сарын 22 -ны өдөр хүлээн авч шийдсэн. Улмаар яллагдагч О.Эрдэнэбулганы өмөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжыг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж гомдол гаргажээ.
Харин суллагдсан О.Эрдэнэбулган өөрийн твиттер хуудсандаа "Багш нь гараад ирлээ. Санаа тавьсан бүх хүнд баярлалаа. Хонгил гэж байдаг юм байна. Удахгүй тогтогдооно оо. Тайван амгалан байгаарай" гэж бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ