МАН-ыг татан буулгахаар Улсын дээд шүүхэд хандав

Хуульч, хууль зүйн ухааны доктор Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл өгч байгаа талаар өнөөдөр /2018.12.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын удирдлага 2016 онд төрийн эрх мэдлийг Монголын ард түмнээс хууль бусаар авсан нь баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, МАН-ыг татан буулгах хууль зүйн үндэслэл хангалттай бүрдсэн. Тиймээс хуульч, эрдэмтэн хүний хувьд энэ байдлыг хараад зүгээр сууж чадалгүй Улсын дээд шүүхэд хандаж өргөдөл гаргаж буйгаа мэдэгдье” гэлээ.
Мөн үргэлжлүүлэн “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмэн итгэл үзүүлсэн. Гэвч МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авсныг гэрчлэх мэдээллүүд гарсаар байна. Тиймээс иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд дуугарч байна. "60 тэрбумын бичлэг” үнэн гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр МАН-ын дарга байхдаа М.Энхболд 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг бол үнэн шүү. Тэр эвлүүлэг биш” гэсэн мэдэгдлийг хийсэн. Мөн МАН-ын УЗ-ийн гишүүн Ц.Нямдорж телевизэд ярилцлага өгөхдөө “Би шулуухан хэлье, наадах чинь эвлүүлэг биш” гэж хүлээн зөвшөөрсөн. Бас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан долдугаар сарын 2-нд Авлигатай тэмцэх газрын гадаа хэвлэлийн бага хурал хийхдээ тус бичлэг эвлүүлэг биш гэдгийг хэлсэн. Энэ бүхэн нь хууль бус аргаар төрийн эрх мэдлийг авахаар зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсний илрэл. МАН цаашид Монголын ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх барих ёс суртахуун, хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс улс төрийн намуудын тухай хуулийн дагуу МАН-ыг татан буулгах өргөдлийг Улсын Дээд шүүхэд гаргаж байна” гэдгээ тодотгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ