Баянзүрх худалдааны төвд гал гарч 6 лангуу шатлаа

Өчигдөр шөнийн 22:40 цагийн үед Баянзүрх худалдааны төвд их хэмжээний гал гарлаа. Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж галыг унтраасан байна. 

 Баянзүрх худалдааны төвд 400 гаруй иргэн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг юм байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гал худалдааны төвийн нэг давхраас эхэлж гарсан гэх ба хоёр, гуравдугаар давхруудад гал тархаад байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. Гал тархсан нэг, хоёрдугаар давхарт, гэр ахуйн болон гоо сайхны бараа, барилгын материал, хүнсний лангуунууд байрладаг байсан ба 10 гаруй үндсэн түрээслэгчтэй байжээ. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн галын бүсэд худалдаа эрхэлж байсан иргэдийн бүртгэлийг явуулж, холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж эхлээд байна.

Харин Онцгой байдлын албанаас галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа ба эхний байдлаар цахилгааны богино холболтоос гал гарсан байж болзошгүй байгаа ажээ.

Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Солонготой холбогдож тодруулахад, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21.56 цагт хүлээн авсан.  Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар  22:01 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан. Галын улмаас тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт хүнс, барааны зургаан лангуу шатсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ