Байтынхан 2018 оны шилдгүүдээ тодрууллаа

Монголын байт харвааныхан улиран одож буй оны ажлаа дүгнэж, 2018 оны шилдгүүдээ тодрууллаа. 2018 оны Шилдэг шүүгчээр Олон улсын шүүгч Э.Саруул, Шилдэг дасгалжуулагчаар Алдар спорт хорооны дасгалжуулагч Б.Ганзориг, Шилдэг тамирчнаар ОУХМ Б.Отгонболд нар тодорч, мөн шилдэг хөрөнгө оруулагч, байтын хөгжлийн төлөөх шилдэг зүтгэлтнийг өргөмжилж, шагналаа.
Байт харвааныханы хувьд өнгөрч буй он, олон сайхан ажил өрнүүлсэн, амжилтаар арвин жил болжээ. 60 жил хүлээсэн зориулалтын, олон улсын стандартад нийцсэн, байт харвааны 360 төвийг нээж үйл ажиллагааг нь эхлүүлсэн нь нэгэн оны бус, нэгэн жарны мөрөөдлийг биелүүлсэн түүхэн үйл явдал байлаа.
Мөн Жакарта хотноо болсон Азийн наадамд дэлхийн аварга БНСУ-ын багийг ялж, дөрөвдүгээр байрт шалгарсан нь сайхан амжилтуудын нэг бөгөөд, Монголын байтынхан ямар ч багийг ялах боломжтой гэдгийг харуулсан бас нэгэн үзүүлэлт болсон юм. Шилдгүүдээ тодруулсан шинэ жилийн арга хэмжээний үеэр Монголын Байт Харвааны Холбооны ерөнхийлөгч П.Цагаан, "Байтын битүү ордон"-той болох ажлаа эхлүүлсэн тухай сайхан мэдээ дуулгаж, Токиод болох 2020 оны олимпд амжилт гаргахын тулд эзэн орны баг буюу, Японы баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх боломжоо бүрэн дүүрэн ашиглахыг сануулж байлаа.
Байт харвааны холбооны шилдгүүдийг нэрлэвэл:
2018 оны Шилдэг шүүгч- Олон улсын шүүгч Э.Саруул
2018 оны Шилдэг дасгалжуулагч- Алдар спорт клубын дасгалжуулагч Б.Ганзориг
2018 оны Шилдэг тамирчин-ОУХМ Б.Отгонболд
2018 оны Шилдэг зүтгэлтэн-Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ