Хойтон утаа улам ихэсвэл амралтын хоног нь арав болохуу сайдаа?

        Утаанаас салгаад өгөөч гэж ард олон цухалдах тусам дарга нар утаагаар айлгаж байгаад мөнгө олоx аргаа улам л нарийсгасаар ирэв. Утаа байх тусам дарга нарт ашигтай гэдэг нь НХХ-ийн сайд Чинзоригийн доорхи санаачлагаас улам тод харагдана. Тэрээр утаа ихтэй нөхцөлд байгаа жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг утаанаас ангид таван хоног амраах нэрийн дор таваас найман тэрбум төгрөг төсөвлөж, ирэх баасан гаригийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар болоод байгаа сурагтай.

Хэт их утаатай нөхцөлд амьдарч байгаа 70 гаруй мянган иргэнийг Засгийн газартай гэрээтэй болон хамтран ажилладаг 100 гаруй амралт, сувилалын газруудад таван хоног амраахад 8 тэрбум шаардлагатай бөгөөд үүний 1 тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын үлдсэнийг нь Халамжийн сангаас гаргах төлөвтэй.

Ямаа гэхээр тэмээ ярьдаг сайдтай энэ Засгийн газар утаанаас иргэдээ хол байлгах таван хонгийн л хөтөлбөртэй байгаа нь эндээс харагдана. Уг нь тэрхүү 8 тэрбум төгрөгийг орон сууцжуулах, утаагүй түлш тараах, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх зэргээр эргээд үр дүнгээ өгөх зүйлд зарцуулбал хаана, хаанаа хэрэгтэйсэн. Ядаж л утаа ихтэй дүүрэгт нийтийн орон сууц барих шийдэл хайсан бол 8 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Манайхан туйлширдаг нэг гэмтэй. Уул нь хөөрхий утааны эсрэг мөнгө зараад ажиллаж байсан жилүүдэд бас ч гэж үр дүнгээ өгч л байсан юм шүү дээ. Арай ч ийм байгаагүй л юмдаг. Ер нь 5 хоног эхчүүд хүүхдүүдийг алагчлан үзэж амрааж байхаар 15000-аас 20000 айлд агаар цэвэршүүлэгч аваад өгчихвөл дээргүй юу?

Гэтэл таван хоног утаанаас иргэдээ хол байлгах нэрийн дор амралтын газрыг тэтгэх, цаашилбал мөнгө угаах ашиг олох зорилгоор тарааж байгаа нь нуугаад байгаа ч харагдаад байгаа нь худал биш. Таван хоног утаанаас хол байлаа гээд  жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд ээлээ өгнө гэж боддог, түүндээ итгэдэг сайдтай байна өрөвдмөөр биш гэж үү. Утааны улирал эхлэнгүүт бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин ихсэв. Үүний улмаас эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа. Ядаж л эмнэлэгүүдийн багтаамжийг сайжруулах, өрхийн эмнэлэгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх боломжийг нь хангах, хүүхдүүдийн эрүүл мэндийг урьдчилан хамгаалах шат дараалсан арга хэмжээ авах талаар бодож, төлөвлөж болсонгүй гэж үү.

Утаа ихтэй байгаа дүүрэг, хороодод цахилгаан халаалт түгээх, шөнийн хөнгөлөлтэй тарифт хамаарах тоолуур тараах зэрэг ажил хийж яагаад болохгүй гэж. Өөрсдөд нь ашиггүй, утаа тодорхой хэмжээгээр буурч болох үр дүнтэй аргуудаас дарга нар яагаад дөлөөд байдаг нь нэг л ойлгомжгүй.

Таван хоног хотоос хол гараад явна гэвэл төсвөөс тараах таваас найман тэрбум төгрөгтэй төгрөггүй ард иргэд гараад явчихна. Амралтын газраа өөрсдөө олоод амарчихна. Заавал Засгийн газар амралтыг нь олж өгөөд түүнд нь хамрагдах гэж бичиг, цаас бүрдүүлээд, хоолтой, хоолгүй, хүйтэн нойтон амралтын газарт нь очиж амрах гээд явж байдаг иргэн ч гэж хаана байна. Хүүхдээ энэхүү амралт сувилалын газарт нь таван хоног амраах гээд ганцааранг нь явуулалтай биш эцэг, эхийн нэг нь дагаад явна. Тэр мөнгийг нь бас Засгийн газар давхар шийдэж өгөх үү. Жирэмсэн эхнэрээ дагаад нөхөр нь явах бол зардлыг нь хэн гаргах хэрэгтэй вэ. Шийдвэр гаргасан Засаг уу, санаачлага гаргасан сайд уу. Ямартай ч иргэдээ таван хоног амраасан нэрийн дор 5-8 тэрбум төгрөг энэ удаад хаашаа, хэний халаас руу орж, хэн хаана амарсан нь мэдэгдэхгүй, үр дүнгүй алга л болно. Хойтон утаа улам ихэсвэл амралтын хоног нь арав болж, зарцуулах мөнгө нь улам нэмэгдэх болох нь төлөв эндээс харагдана.

Улаанбаатар хот жилийн 365 хонгийн 100 гаруй хоногт утаатай байдаг гэсэн судалгааны дүн бий. Үүний таван хоногт нь утаанаас ангид байснаар жирэмсэн эх, хүүхдүүд эрүүл болоод байдаг бол утаанаас айх ч хэрэг алга.

   Эсвэл амруулах нэрийн дор мөнөөх мөнгө угаах л ажил хийх гээд байна уу?  Өмнөх үеэсээ жаахан ялгаатай нь ард түмнээ амраах гэсэн хошин шогийнхон ч бодож оломгүй шоглоомтой, бас жаахан даажигнасан гэмээр гоё хаяг зүүчихжээ. НХХ-ийн сайд Чинзориг хөнгөхөөн инээгээд хөөрхөн арга бодож олоходоо урд урдын сайд дарга нараасаа ч давж гарах бололтой.

Д.Оюу 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ