Найман тэрбумаар агаарт гарах эсэхийг өнөөдөр шийднэ

Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газрын хуралдаанаас: Жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт ээлжээр амраана.  Сувиллын газарт амраах үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулна. Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар/ 0-5 нас / хамрагдахаар байна. Баасан гарагт ЗГ-ын ээлжит бус хурлаар эцэслэн шийднэ." хэмээн мэдээлсэн. 

Энэ дагуу ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийж, энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд 8 тэрбум шаардлагатай хэмээн мэдэгдсэн юм. 

 Харин Засгийн газрын түвшинд яригдаж буй энэ ажлыг иргэд ихээхэн бухимдан хүлээн авлаа. Найман тэрбумаар тавхан хоног агаарт гарч байхаар шөнийн цахилгааныг тэглэ, айлуудад агаар цэвэршүүлэгч авч өг, ипотекийн зээлэнд хөнгөлөлт үзүүл зэрэг маш олон санал гаргасан билээ. 

Харин энэ асуудалд Засгийн газраас дахин тайлбар өглөө. Ингэхдээ Цэвэр агаарт  тав хонуулахад 8 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг Утааны эсрэг ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан юм. Саналын дагуу Засгийн газар судалж үзэж буй. Өнөөдөр Засгийн газрын  ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн” гэх тайлбарыг өгсөн юм. 

Юутай ч олны хэл ам татлаад буй найман тэрбум төгрөгөөр тав хоног агаарт гэх асуудал өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэгдэх нь ээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ