Японд шинэ жил ямар болдог бол?



Япончууд шинэ жилийг манайхан шиг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй.
Монголчууд бол ажлын,найзуудын,нутгийн гэх мэтээр маш олон төрлийн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Харин Японд бол Christmas буюу Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ нь Христэд итгэдэгтээ биш дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болохоор нэг соёл болсон гэсэн үг.
Хотууд нь маш сайхан гэрлэн чимэглэлүүдээр гоёсон байдаг.
Дэлгүүр хоршоонууд нь хямдрал эхлүүлээд л.
Харин Christmas-ийн баяр дуусахад тэр олон гэрлэн чимэглэлүүд алга болж Японы цагаан сарын самбарууд бий болдог.
Японы цагаан сар нь жил бүрийн 1.1нд тохиодог.12.31нд сүм хийд рүүгээ очиж дараа жилийн ажлаа даатгаж мөргөл үйлддэг.
Тэгээд орой нь тошикоши соба буюу урт соба гоймон чанаж идэж өнгөрөөдөг.
Соба гоймон иддэг нь урт наслахыг бэлгэддэг гэж үздэг юм байна лээ.1.1нд зарим Япон хүмүүс тухайн жилийнхээ эхний нарыг харахаар явдаг нь ч байдаг.
1.1ндээ гэр бүл ах дүү нараараа цуглаж цагаан сараар иддэг сүши гэх мэт үндэсний хоолоо идэж өнгөрөөдөг.
Над шиг Монгол хүний хувьд бол шинэ жилийн үед их уйтгартай санагддаг байсан.
Багаасаа шинэ жил тэмдэглээд сурсан болохоор ч тэр юмуу даа.
Харин компани албан байгууллагууд нь
"Боүнэнкай" (忘年会)буюу оноо үдэх уулзалт гэсэн үдэшлэг хүлээн авалт хийх нь элбэг.
Том компаниуд бол хүлээн авалт хийдэг бол жижиг компаниуд бол ажилчидтайгаа бөөндөө хоолонд ороод болчихдог.
1сар гаргаад дахин "Шиннэнкай"(新年会) буюу шинэ оноо угтах уулзалт хийдэг.
Энэ үедээ тухайн ондоо хийхээр төлөвлөж байгаа ажлаа удирдлага хэлж танилцуулаад тэгээд л ууж идэцгээдэг.
Шинэ жилийн үеэр олон хоног амардаг тул хотод амьдардаг хүмүүс нь төрсөн нутаг руу буцаж зарим нь гадаад руу аялж өнгөрөөдөг.
Японы шинэ жил товчхондоо нэг иймэрхүү!
"Дэлхийд тэргүүлэх Япон үйлчилгээ" номын хэсгээс

А.Галбадрах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ