Дархан аварга Х.Баянмөнх:Б.Бат-Эрдэнэ бид хоёр энэ эв нэгдлийг хангаж ажиллахаар нэгдэж байна

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар талцсан бөхчүүдийн эв нэгдлийг хангаж, өнгөрсөн хавраас хойш битүүмжлэгдээд байсан Монгол бөхийн өргөөний үйл ажиллагааг эхлүүлж, монгол бөхийн хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж гар барьсан талаараа олон нийтэд мэдээлэл хийлээ. Монгол бөхчүүд хоёр тал болон шүүхдэж, бөхийн өргөөгөө цоожлоод байсан бол бөхчүүдийн хамгийн өндөр цолонд хүрсэн Дархан аваргууд эвлэлдэн нэгдэж, бөхийн ёс жудгийг дагаж ажиллахаар Эв нэгдлийг хангах Түр зөвлөл байгуулжээ. Түр зөвлөлийг насны эрэмбээр Дархан аварга Х.Баянмөнх удирдахаар тохирсон байна.
Б.БАТ-ЭРДЭНЭ: ҮЗЭЛ БОДЛЫН ЗӨРҮҮГЭЭС БОЛЖ БАЯНАА АВАРГА ТАНЫ СЭТГЭЛД ХҮРЭЭГҮЙ БОЛ БИ УУЧЛАЛ ХҮСЭЖ БАЙНА
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Бөхчүүд ёс жудагтай, шударга байх ёстой. Бид хоёр санал онол зөрсөн юм байхгүй. Бөхчүүд аварга, арслан ямар ч цолтой байсан ахмад настныхаа үгийг сонсдог. Энэ бол монгол бөхийн жудаг. Бид хоёр 20 насны зөрүүтэй, аав хүү хоёр шиг, багш шавийн барилдлагатай хүмүүс учир үндэсний бөхийн спортынхоо хөгжлийн төлөө хамтарч ажиллахаар нэгдсэнээ өнөөдөр олон түмэнд хүргэж байна.
Бид эвлэлдэн нэгдэж Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулъя, Бөхийн холбооны асуудал шүүхийн замаараа шийдэгдэнэ. 16 жил шүүхээр явсан маргаан яаж шийдэгдэхээс үл хамааран эв нэгдлээ хангаж ажиллана. Шүүхийн шийдвэр гарсны дараа бөхчүүдийн эв нэгдлийг хангаж, дахин Их эе-ийг хуралдуулж, дахин олонхийн саналаар бөхийн холбооны удирдлагыг сонгоно биз. Ийм зөрчил тэмцэл гарсан тул би Бөхийн холбооны удирдлагаас татгалзъя, цаашид ч Бөхийн холбооны удирдлагаар нэр дэвшихгүй гэдгээ эртнээс хэлсэн.
Бид эвсэж нэгдэж, Бөхийн өргөөнд барилдаан, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж, өмнөх ажлын аппаратыг хэвийн ажиллах бололцоогоор хангая гэж байгаа юм. Өнөөг хүртэл үзэл бодлын зөрүүнээс болж Баянаа аварга таны сэтгэлд хүрээгүй бол Танаас уучлал хүсэж байна
Х.БАЯНМӨНХ: БӨХИЙН ӨРГӨӨГ АВАХ ГЭСЭН НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ, БЭЛГЭНД ӨГСӨН Ч АВАХГҮЙ
Дархан аварга Х.Баянмөнх: Бөхийн холбооны маргаанаас гадуур Дархан аварга цолонд хүрч бурхнаас заяасан үүргийнхээ ёсоор Б.Бат-Эрдэнэ бид хоёр энэ эв нэгдлийг хангаж ажиллахаар нэгдэж байна. Бид Түр зөвлөл байгуулж, насны эрэмбээр надаар удирдуулсан.
Бид өнөөдрөөс эхлэн Монгол бөхийн өргөөгөө нээлгэж, цэвэрлэж үйл ажиллагаа хэвийн ажиллах бололцоогоор хангана. Үндэсний бөхийн спортод дүрэм журмаас илүүтэй цагийг эзэлсэн их аварга Бат-Эрдэнэ бид хоёр бөхчүүдийнхээ эв нэгдлийг хангаж, монгол бөх аваргуудынхаа ёс зүйг дагаж удирдагдаад явдаг. Бөхийн өргөө цоожтой, бөхчүүд нь орох гарах газаргүй, ажилчид нь 30 гаруй хүн цалин мөнгөгүй, Бөхийн өргөө тоос шороонд дарагдсан байна. Бөхийн өргөөг авах гэсэн нэг ч хүн байхгүй, бэлгэнд өгсөн ч авахгүй.
Би Чинбатын удирдсан холбоог хууль ёсны холбоо гэж үздэг, энэ бодлоосаа буцаагүй. Б.Бат-Эрдэнэ ч өөрийн үзэл бодолдоо хэвээр байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр яаж гарах үл хамааран бид бөхчүүдээ, залуучуудаа удирдаад явна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл Түр зөвлөл удирдана. Шүүхийн шийдвэр аль ч талдаа гарсан дахин Их эе-ийг хуралдуулж, нэгдсэн нэг холбоо болно, тэргүүнээ сонгоно.
Бид бөхчүүдийг допингийн асуудлаас гаргана гэж тохирсон. Өнгөрсөн үйл явцыг жигнээд яривал Бат-Эрдэнэ бид хоёрын хувьд муудалцсан зүйл байхгүй. Яахав, үзэл бодлын зөрүүнээс болж бие биедээ ганц нэг хатуу үг хэлсэн тал бий. Харин бөхийн ёс жудгийн талаас бид хоёрт алдсан, хазгай мурий гишгэсэн зүйл бий гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ