МСҮТ-ийн оюутнуудад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

Улсын хэмжээнд 83 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 36 мянга орчим хүн мэргэжилтэй ажилтан болохоор суралцаж байна. Үндэстний ур чадвартай ажилтныг олноор бий болгох ажлыг дэмжих үүднээс эдгээр суралцагсдад энэ оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох гэж байна.
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцагсдын тоо жилээс жилд буурсаар байгааг графикаас харж болно. 70 мянган төгрөгийн тэтгэлгийг 2016-2017 оны хичээлийн жилээс зогсоосноос үл шалтгаалан ЕБС төгсөгч, суралцагчдын цонх үе таарсантай уялдуулж суралцагсдын тоо буурсан гэж үзэж байна. Тэгвэл цаашид сар бүр тэтгэлэг олгохдоо дараах шалгуур үзүүлэлтийг тавьж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж "Хуучин насны үзүүлэлтийг 24 гэж байсан бол энэ жил 35 хүртэлх насны суралцагчид гэж олгож байгаа. Мөн ирц нь 75 хувь, сурлагын үзүүлэлт D үнэлгээнээс дээш бол тухайн хүүхдэд тэтгэлэг олгохоор төлөвлөж байгаа" гэв.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний дотоодын томоохон үйлдвэрүүд 1000 орчим ажлын байр зарлаж байгаа ч энд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин Монголд дутагдалтай, элсэгчдийн тоо ч хангалтгүй хэвээр байгаа юм. Тиймээс төр засгийн зүгээс мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжих үүднээс уг тэтгэлгийг олгох шийдвэр гаргасан. Тэгвэл хөнгөн үйлдвэрийн цорын ганц мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад одоогоор энэ чиглэлээр 600 гаруй хүн суралцаж байна гэлээ.
Монгол-Солонгосын политехник коллежийн сургалтын албаны менежер Д.Буяндэлгэр "Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн сүлжигч, нэхэгч, ээрэгч зэрэг мэргэжлүүд асар их хэрэгцээтэй байгаа ч үүнийг сонирхож элсэх хүүхэд бага байгаа. Хэрвээ энэ ажил мэргэжлийг сонгон суралцах юм бол хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр, бүтээмжээс хамаарсан цалин хөлсний боломж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад олгох тэтгэлгийн шалгуур үзүүлэлтийн журмыг Засгийн газар хараахан батлаагүй, нийт суралцагчдаас хэд нь авах талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. Зөвхөн Монгол-Солонгосын политехник коллеж дээр жишээ авахад суралцагсдын 90 хувь нь тэтгэлгийг шалгуур үзүүлэлтийг хангахаар байгаа юм.
Тэтгэлэгт зориулж энэ онд улсын төсөвт 41 тэрбум төгрөг суулгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ