Чингэлтэй дүүрэгт гарсан галыг нурманд орууллаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр буюу 32-ын тойргийн шинэ замын ойролцоо гарсан галыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын аврагчид  унтрааж нурманд орууллаа.

Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдрийн 13:30 цагийн орчимд тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын хашаанд гал гарлаа гэх дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын  газарт иржээ. Дуудлагын дагуу, аврах ангийн алба хаагчид галын голомтод очиж галыг бүрэн унтраасан бөгөөд уг галд дутуу баригдсан зуны байр, болон хөөсөнцөр хавтангууд, автомашины дугуй зэрэг өртжээ.

Гал гарсан хэсгээс ердөө гурван метр хүрэхгүй зайд нэг давхар шавар байшин байх ба эсрэг талд нь тус барилгын харуулын гэр байх ажээ. Гал гарах үед шавар байшинд нэг хүн байсан бөгөөд галыг тархахаас өмнө галыг унтрааснаар амь хүний амь нас эрсдээгүй гэдгийг алба хаагчид хэлж байлаа.

Чингэлтэй дүүргийн аврах ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Д.Мягмаржав “Хажуугийн байшинд байх зуухны доод хэсэгт галаас хамгаалах ямар нэг төмөр хаалт байгаагүй. Цаашид гал алдах, тархахаас сэргийлж төмөр хамгаалалт хийх шаардлагатай. Зуухны хажуугийн хөөсөнцөр хайрагдсан байгаа нь дахин гал гарах эрсдлийг дагуулж байна. Галын дуудлага авснаас хойш багагүй цаг алдсан. Учир нь голомт руу орох зам гарц саадтай маш нарийн гудамж тул олон талаас нь орох гэж оролдлоо. Чөлөөтэй байсан нэг гарцан дээр иргэд автомашинаа байрлуулснаас болоод асуудал үүссэн. Үүнээс илүү цаг алдсан бол хажуугийн гэр байшин руу гал тархаж хүний амь нас эрсдэж болзошгүй байлаа. Уг байшин дотор байсан эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд, галын үнс нурмаа битүү төмөр саванд хийх, ил задгай асгахгүй байх шаардлагатай. Өвлийн улиралд ихэвчлэн үнс нурам ил задгай асгаснаас үүдсэн галын дуудлага зонхилж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ