Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг байрлуулах “ДАРЬ ЭХИЙН ӨРГӨӨ" нээгдлээ

Өнөөдөр (2019.01.09-ний өдөр) орон нутгаас нийслэлд ирсэн хавдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэх явцдаа гэр бүлийн гишүүдийн хамт байрлах боломжтой байрыг нээлээ. "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ынхан уг байрыг гадаад, дотоодын байгууллын хандив, дэмжлэгээр засаж тохижуулан ашиглалтад оруулж буй юм. Байрны нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан болон бусад холбогдох албаныхан оролцоо.

“Хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээний гол цөм нь Улаанбаатар хотод буюу Хавдар судлалын үндэсний төв дээр төвлөрч байгаа. Манай төвд жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган хүн эмчлүүлээд гардаг. Эдгээр хүмүүсийн 51 хувь нь хөдөө орон нутгаас ирж, эмчлүүлсэн гэдэг судалгаа бий. Хорт хавдрын эмчилгээ нь энгийн мэс засал шиг тэр даруйд нь гэрт нь хариулдаггүй. Эмчилгээний хугацаа урт удаан, химийн  эмчилгээ гэхэд 40-45 хоног үргэлжилнэ. Тиймээс ийм өвчтөнүүдэд байрлах байр, тав тухтай орчин маш чухал. Төрийн бус байгууллагын зүгээс энэ ажлыг санаачлаад, хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна” хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн эмч ярилаа.

Энэ үеэр Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан ярихдаа “Орон нутгаас ирж байгаа хорт хавдартай өвчтөнүүд асран хамгаалагчтайгаа сарын хугацаанд байрлах боломжтой. Мөн өвчтөнүүдэд сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх боломжтой. Бид өрөөний байрлалаас хамаарч нэг хүн өдрийн 10-20 мянган төгрөг орчим үнэтэй байхаар тооцоолж байгаа. Зарим байгууллагад хамтран ажиллах хүсэлт тавьсан. Хэрэв шийдэж чадвал үнээ бууруулж, аль болох бага зардлаар үйлчлэх болно. Манай төрийн бус байгууллага 2017 оноос эхлэн анх Австрали улсад 14 хүн сарын хугацаанд туршлага судалсан. Үүний хүрээнд жилийн хугацаанд 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн бэлэн болон бэлэн бус нийт 130 сая орчим төгрөгийн хандивыг цуглуулж, шинэ төвөө нээж байна” гэв.



Эл "Дарь эхийн өргөө" байр нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн сэтгэл заслын өрөө болон өвчтөн болон асран хамгаалагч нар нь байрлах 14 өрөөтэй. Өрөө бүрийг өвчтөнүүдэд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар засаж тохижуулснаараа онцлогтой бөгөөд нэг дор 30 хүн байрлах боломжтой юм.

Нийслэлийн ИТХ-аас хавдрын өвчлөлийг бууруулахаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг сайжруулахаар гадаадын төсөл, хөтөлбөрийг Улаанбаатарт хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээндээ ХСҮТ, "Хавдрын үндэсний зөвлөл" болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан энэ талаар "Улаанбаатарын агаар, орчны бохирдол болон хөндлөнгийн бусад зүйлсээс шалтгаалсан өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Засгийн газраас эхлээд холбогдох байгууллагууд шат дараатай арга хэмжээ авч буй ч үр дүн тааруутай байгаа. Тиймээс нийслэлийн ИТХ-аас ХСҮТ, хавдрын өвчлөлийг бууруулахаар үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудтай хамтарч, Улаанбаатар хотыг олон улсын хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна. Үүнд хамрагдсанаар 3-5 жилийн хугацаанд хавдрын эмчилгээ, оношлогоо, илрүүлэлтэд мэдэгдэхүйц ахиц гарна. Энэ хүрээнд өнөөдөр "Дарь эхийн өргөө"  төвийг нээж байна. Хавдрын тохиолдол жил ирэх тус нэмэгдэж, ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед ийм байрыг нээж буй нь цагаа олсон ажил боллоо гэж болно. ХСҮТ-өөр эмчлүүлж буй хүмүүсийн 50 орчим хувь нь орон нутгийн иргэд байдаг учраас байрлах байр, сэтгэлийн дэм их хэрэгтэй. Олон улсын жишигт нийцсэн эл байрыг ашиглалтад оруулснаар өвчтөнүүд гэртээ байгаа мэт орчинд эмчлүүлэх боломж нээгдэж байна" гэв.


“Хавдрын үндэсний зөвлөл” НҮТББ нь 2014 оноос хойш хавдартай өвчтөнүүд, тэдгээрийг ар гэрт дэмжлэг үзүүлэх, хүн амд хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх, эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуудаг ашгийн бус төрийн бус байгууллага юм.

“Хавдрын Үндэсний зөвлөл” НҮТББ нь 2017 оны 11-р сараас хойш 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн бэлэн, бэлэн бус нийт 130 сая орчим төгрөгийн хандивыг цуглуулж, манай улсад хамгийн анхдагч тусгай зориулалтын энэхүү байрыг тохижуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ