ГССҮТ: Нисдэг тэргээр яаралтай ирсэн гурван хүний биеийн байдал хүнд, ухаан ороогүй байна

-ГССҮТ-Д ҮЗЛЭГТ ОРСОН 20 ХҮНИЙГ ХЭВТҮҮЛЖ, 17 ХҮНИЙГ ХОЁРДУГААР ШАТЛАЛЫН ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТАД ГАРГАСАН-
Энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан талаар бид мэдээлсэн билээ. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алдсан юм.
Ослын улмаас нийт 45 иргэн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд тухайн өдөр Замын-Үүд сумын эмнэлэгт хүргэж, биеийн байдал нь хэвийн зургаан иргэнийг эмнэлгээс гаргажээ. Харин биеийн байдал хүнд байгаа 64 настай эрэгтэй В-д болон 25 настай Д нь хэвлий дотуур цус алдалттай байсан учраас шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж, тус эмнэлэгт яаралтай хагалгаанд оруулсан байна. Гэмтсэн иргэдэд мэргэжлийн тусламж үзүүлэхээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс гэмтлийн эмч нарын таван хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газарт очиж анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн аж. Замын-Үүдийн эмнэлэгт хүргэгдсэн иргэд ихэвчлэн мөч хугаралттай, багана нурууны хугарал гэмтэлтэй, хэвлий цээж, тархи орчмын гэмтэлтэй байсан бөгөөд толгой битүү доргисон 11 хүнд яаралтай эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмнэлгийн рентгений аппратны хүрэлцээ тааруу, хүчин чадлаас хамаараад 16 хүнийг “Шонхор мед” эмнэлэгт шинжилгээнд хамруулсан байна. Тус сумын хэмжээнд хоёр эмнэлэг бүрэн хүчин чадлаараа хүмүүсээ хүлээн авсан тухай албаныхан мэдээллэв.
Тэмээтэй хаалганы багана мөргөж осол гаргасан автобус нь “Дэлгэрэх хүнс” ХХК-ны автобус бөгөөд “Авто тээврийн үндэсний төв”-д бүртгэлтэй, сар шинийн баяр болохтой холбоотой нэмэлтээр зорчигч тээвэрлэж байсан автобус юм байна. Тус осолдсон том оврын автобусанд сууж явсан зорчигчдийн хувьд бага насны хүүхэд байгаагүй, 23-аас дээш насныхан зорчиж явжээ.
Өчигдөр 16:50 цагт яаралтай нарийн эмчилгээ хийлгэх шаардлагатай хоёр иргэнийг Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүний хамтарсан шуурхай ажлын хэсэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирж, ГССҮТ-д шилжүүлэн өгчээ. Мөн автобусанд зорчиж явсан 45 хүнээс хөнгөн гэмтэлтэй 37 иргэнд сумын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлсний дараа тэднийг галт тэргээр өчигдөр 08.45 цагт Улаанбаатарт авчирчээ. ГССҮТ-д үзлэгт орсон 20 хүнийг хэвтүүлж, 17 хүнийг хоёрдугаар шатлалын эмнэлгийн хяналтад гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ